Хюлькенберг “Williams”-ыг орхилоо

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Хюлькенберг “Williams”-ыг орхилоо

Германы залуу нисгэгч Нико Хюлькенберг “Williams” багтай гэрээгээ сунгаж чадаагүй учир “Формула нэг” ангилалд шинэ багийн эрэлд гарчээ. Британиас гартай “Williams” баг туршлагатай нисгэгч Рубенс Баррикеллотой 2011 он хүртэл гэрээгээ сунгасан боловч энэ жил 23 настай рүүки нисгэгчийг цаашид багтаа уралдуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Хюлькенберг өөрөө “Би үүнд маш их харамсч байна. Учир нь Williams-т үлдэхийг хүсч байлаа” хэмээжээ. Түүнчлэн “Williams-т өнгөрүүлсэн хугацаа сайхан байсан. Цаашдын ирээдүйд нь сайн сайхныг хүсье” гэсэн байна.

Хюлькенбергийн менежер Уилли Уэберийн мэдэгдсэнээр 2009 онд GP Series-т түрүүлж байсан Хюлькенберг ирэх жил авто спортын хаан ангилал гэгддэг “Формула нэг”-т үлдэх болно гэжээ.

Ням гаригт болсон улирлын хамгийн сүүлийн гараа болох Абу Дабигийн гран-при уралдаанд Williams-ын нисгэгчид нэг ч оноо аваагүй бөгөөд тэд зохион бүтээгчдийн цомын тэмцээнд зургадугаар байрт шалгарсан юм.  Харин Хюлькенбергийн тухайд “Формула нэг”-т хөл тавьсан эхний улиралдаа 22 оноо авч, 14-р байрт бичигдсэн билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж