
ЮНЕСКО-гийн гишүүн орнууд 1995 оны энэ өдөр хүлцэл, тэвчээрийн зарчмыг тодорхойлсон тунхаглал гаргажээ. Дараа жилд нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гишүүн орнууддаа арваннэгдүгээр сарын 16-нд Олон улсын хүлцлийн өдрийг (International Day for Tolerance) тэмдэглэх зөвлөмж гаргасан юм.
Арафат өдөр
Мусульманы зуль-хижа хуанлигаар 12 дахь сарын ес дэх өдөр Арафат өдөр тохиодог. Энэ өдөр хижа хийж байгаа даяанчид Меккагийн ойролцоох Арафат ууланд очин мөргөл үйлддэг байна. Диваажингаас хөөгдсөний дараа тэр ууланд Адам Ева хоёр тааралдсан гэх домог байдаг. Арафат өдөр нь Аллахын өдрүүдийн хамгийн дурсгалтай гэгдэх ба энэ үеэр мөргөл хийхэд бурхны ивээл хэд дахин нэмэгдэхээс гадна нүгэл үйлдвэл бас олон дахин нэмэгдэнэ гэж үздэг. Энэ өдөр нар жаргатал нүглээ наминчлах ёстой.
Хижа хийх журам .
1/ Насанд хүрсэн байх ёстой
2/ Мэдрэл эрүүл байх ёстой
3/ Лалын шүтлэгтэй байх ёстой
4/ Эрх чөлөөтэй байх ёстой
5/ Хижа хийх үеэр гэртээ үлдсэн ар гэрээ хангаж байх хэмжээний хангалттай мөнгө хөрөнгөтэй байх ёстой
6/ Хижагийн учир утгыг мэдрэн түүнийг үгүйсгэхгүй байх
7/ Хижад амжихыг тулд замдаа цаг алдалгүй гарах ёстой.
Үүнээс гадна бие эрүүл, ямар нэгэн эрүүгийн хэрэгт холбогдоогүй, аяны аюулгүй байдлыг хангасан, дагуулах эмэгтэйтэй байх зэрэг нөхцлийг бас биелүүлэх хэрэгтэй. Мөн энэ үеэр худалдаа наймаа хийх, тамхи татах, гэр бүлийн харилцаанд орох зэрэг хориотой.
Өдрийн ишлэл
“”Үзэн ядах ч яамай, зөвхөн үгэнд ордог байг”
(Ромын гурав дахь эзэн хаан Тиберий Клавдий Нерон МЭӨ 42 оны арваннэгдүгээр сарын 16-нд төржээ)
Августын өргөмөл хүү Тиберий Ромыг 23 жил захирсан ба энэ үеэр эзэнт улсын журам нь бүхний хүлээн зөвшөөрсөн төрийн бүтэц болсон байна.
Бусад ишлэлээс: “Сайн хоньчин ноосоо хяргадаг болохоос биш хониныхоо арьсыг хуулдаггүй”
“Би өөрийн ухаантай байгаа цагтаа арга барилаа солихгүй, үргэлж тууштай байх болно. Харин ямар нэгэн жишиг гаргахгүйн тулд Сенат нэг хүний хүсэл зоригт автахаас сэргийлэх ёстой. Учир нь ямар нэг азгүй зүйлээс гайтай өөрчлөлт гарахыг үгүйсгэх аргагүй юм” (Сенатад бичсэн захидлаас)
“Та нарын өгсөн хязгааргүй эрх эрх мэдэлтэй, сайн хаан Сенатын зарц нь байх ёстой гэж би өмнө нь ч ярьж байсан одоо ч ярьж байна. Цаашлаад бүх иргэд болон хувь хүний зарц ч байх ёстой юм” (Сенатад бичсэн захидлаас)
Үйл явдал
Жан Лерон Д’Аламбер төржээ
1717 он: Францын математикч, механик, гүн ухаантан ба соён гэгээрүүлэгч Жан Лерон Д’Аламбер (1717-1783) төржээ. Хүйтэн бороотой өдөр өлгийтэй жаахан хүүхдийг Парисийн Дахь эхийн сүмийн ойролцоох Сен-Жанле-Рон гэх жижиг сүмийн довжооноос олжээ. Бяцхан жаал хүү зохиолч эмэгтэй Клодин Герен де Тансен ба генерал Луи-Камю Детушийн хууль бус хүү байжээ. Генерал хүүгээ хайж олоод шилчин Руссогийн гэр бүлд өгч ихээхэн тусалдаг байв. Жан Лерон гоц авьяастай хүүхэд байсан ба 1739 оноос түүний шинжлэх ухааны бүтээлүүд анхаарал татаж эхлэв. Д’Аламбер 1741 онд Францын Шинжлэх ухааны академид сонгогдож, Дидрогийн хамт “Шинжлэх ухаан, урлаг ба гар урлалын нэвтэрхий толь”-ийн редактороор ажиллаж, 1000 гаруй өгүүлэл бичсэн юм.
ЮНЕСКО байгуулагдав
1945 он:Лондон хотноо 37 орны Засгийн газар НҮБ-ыг Боловсрол, шинжлэх ухаан ба соёлын байгууллага ЮНЕСКО-г (United Nations Educational, Scientific and Cultural Organization – UNESCO) үндэслэн бий болгожээ. Өдгөө дэлхийн 191 улс тус байгууллагын гишүүн, зургаан улс түнш нь юм.