Америкийн 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама хүүхдүүдэд зориулж нэгэн сонирхолтой ном бичсэн тухай мэдээлэл цацагдаад
байсан билээ. Олон уншигчдийн анхаарлыг татаад байсан уг ном өнөөдрөөс эхлэн
худалдаанд гарч эхэллээ. "Of Thee I Sing: a Letter to my Daughters"
нэртэй уг номоо Барак Обама 2009 онд ерөнхийлөгчийн суудалд суухаасаа өмнө бичсэн ба эхний удаад 500 мянган хувиар хэвлээд байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч номондоо Америкийн үндэсний
удирдагчдын хувьд тус улсыг бүтээн байгуулах, үндэсний үзлийг хэвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн шилдэг 13 хүний талаар өгүүлжээ. Охидууддаа ярьж өгч буй хэлбэрээр бичигдсэн учраас уншихад сонирхолтой бас хүүхдүүдэд
туг ойлгомжтой байх аж. "Random House" хэвлэлийн газраас энэ талаар
мэдээлэхдээ "Барак Обама номынхоо эхийг 2009 онд Ерөнхийлөгчийн
албанд томилогдохоос өмнө манайд өгсөн" гэжээ. Номынхоо зарим бүлэгтээ тэрээр Америкийн домог болсон Ерөнхийлөгч Жорж Вашингтон,
Авраам Линькольн, хүний эрхийг хамгаалахын төлөө тэмцэгч Мартин Лютер,
бейсболчин Жеки Робинсон болон Альберт Эйнштейн нарын тухай бичсэн байна. Нэрт эрдэмтэн Альберт Эйнштейн
амьдралынхаа сүүлийн 20 жилийг АНУ-д өнгөрүүлсэн байдаг. Нийт 40 хуудас
бүхий энэхүү номын үнэ
17.99 ам.доллар юм. Барак Обама энэхүү номын
борлуулалтаас олсон ашгаа цэрэг дайны ажиллагаанд оролцож, амиа алдсан болон
шархадсан америк цэргүүдийн үр хүүхдүүдэд туслах санд хандивлах юм байна.
Номын хавтасны зурагт Ерөнхийлөгчийн охидууд болох Саша, Малиа нар хамгийн хайртай Бог нохойгоо
салхилуулж буйгаар дүрсэлсэн байна. Энэхрүү зургийг Америкийн нэрт зураач Лорен Лонг зуржээ. Урьд нь тэрээр нэрт
дуучин Мадон-нагийн бичсэн "Мистер Пибодигийн алим" хэмээх номын зургийг зурж байсан
удаатай. АНУ-ын Ерөнхийлөгч урьд нь "Dreams from My Father: A Story of Race and
Inheritance" болон "The
Audacity of Hope: Thoughts on Reclaiming the American Dream" гэсэн хоёр
ном бичиж хэвлүүлжээ.
Түүний энэхүү хоёр ном хэвлэгдсэн даруйдаа шилдэг борлуулалттай номын жагсаалтад
орж байсан юм. “The Audacity of Hope” номоо 2006 онд туурвисан ба Америкийн
болон дэлхийн улс төр, нийгэм, үндэстэн угсаатан, арьс өнгөний ялгаварал, хувь хүмүүсийн талаарх үзэл бодлоо дэлгэрэнгүй бичжээ.
Мөн өнгө, мөнгөний эрин үед хүн хүнээрээ байхын чухлыг, итгэл найдвараа алдахгүй, хүсэл
эрмэлзлээ гээхгүй амьдрахын утга учрыг туулсан амьдралаараа нотлон өгүүлсэн байна.
Мөрөөдөл дуусах газар амьдрал төгсдөг хэмээх зарчим дээр тулгуурлан бичигдсэн энэхүү ном олон хүний
ширээний ном болж, итгэл найдварын ундрага болсоор байгаа юм. Америк мөрөөдлийг,
америк итгэлийг биелүүлэх гэж буй түүний үзэл санаа, дотоод сэтгэл энэхүү номонд бүрэн шингэсэн хэмээн шүүмжлэгчид өндрөөр үнэлсэн билээ.
Н.Наран