Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Цагтаа “Бага дэлхийн аварга” гэгдэж байсан Италийн Сери А лигийн 12-р тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ тойргийн гол тоглолт нь Миланы дерби байсан юм. Италийн төдийгүй Европын хотуудын дерби тоглолтууд дундаас хамгийн томд тооцогдох Миланы энэ удаагийн дербид “Россонери” илүүрхэв. 1900 оноос эхтэй тус дербид “АС Милан” хожлын тоогоор давамгайлдаг. Энэ удаагийн тоглолтод “Милан”-ы шинэ цэрэг Златан Ибрагимович торгуулийн цохилтоос тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг оруулжээ. Ингэснээр “АС Милан” дербидээ гурав дараалан хожигдоод байсан хар цувралаа зогсоосон төдийгүй чухал үед хожил авч, Сери А лигийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Харин сүүлийн хэдэн жил босоо байгаа “Интер” тав дугаар байр луу ухарсан байна.

Лигийг тэргүүлж явсан ч өмнөх хоёр тойрогтоо дийлдсэн “Лацио” энэ удаад “Наполи”-г Мауро Зарате, Сэржио Флоццари нарын хийсэн гоолын ачаар хожлоо. Мөн “Болонья”, “Жэноа” багууд өрсөлдөгчдөө 1:0 харьцаатайгаар буулгаж авсан байна.

Харин “Удинезе” Италийн шигшээн довтлогч Ди Наталегийн хет-трикийн ачаар “Лечче”-г 4:0 харьцаатай бут ниргэжээ.

“Палермо”-гийн Хавьер Пасторе Ди Наталегийн адил эсрэг багийнхаа хаалгыг гурвантаа мялаажээ. Түүний сайн тоглолт Сицилийн дербид “Катанья”-г буулгаж авахад хангалттай байсан байна.

Гоол оруулах нь асуудалтай байгаа “Сампдория” “Кьево” багтай хуурай тэнцсэн байна. Антонио Кассано гэмтсэнээс хойш “Сампдория” дөрвөн тоглолтод ердөө ганцхан гоолыг оруулаад байгаа аж.

“Парма”-д хожигдсон “Бари”-гийн тухайд хүснэгтийн сүүл мушгих болсон байна. “Парма”-гаас Андреа Кандрева хожлын гоол хийжээ.

Түүнчлэн “Фиорентина” “Чезена”-г 1:0-ээр хожсон бол “Ювентус” “Рома”-тай 1:1 харьцаатай тэнцсэн байна. Сүүлийн долоон тоглолтдоо дийлдээгүй байгаа Клаудио Раннеригийн баг Туринд зочлон тоглож, хүнд хэцүү тоглолтоос тэнцээ авч чаджээ. Талбайн эздээс Винченцо Яквинта 35 дахь минутанд гоолдсон бол эхний хагасын төгсгөлд “Мөнхийн хот”-ын багийн ахлагч Франческо Тотти торгуулийн цохилтоос тэнцээний гоолыг хийсэн байна.

Сери А-г 12 тойргийн дараагаар “АС Милан” 26 оноотой тэргүүлж эхэлсэн бол “Лацио” тэднээс нэг оноо алдан нэхэж явна. Харин “Наполи” 21, “Ювентус” 20 оноотойгоор эхний байруудад бичигдэж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж