“Мөнгөн мод” усан оргилууртай болов

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

“Мөнгөн мод” усан оргилууртай болов

Өвөрхангай аймгийн Орон нутаг судлах музей нь 2011 онд тохиох аймаг үүсч хөгжсөний 80 болон музей байгууагдсаны 60 жилийн ойг угтаж гадна, дотно орчны тохижолт, засварыг хийгээд байна. Тухайлбал, өөрийн байгууллага үүсч байгуулагдсаны 60 жилийн хүрээнд 60 бүтээлч ажлыг төлөвлөн, 60 гаруй хувьтай гүйцэтгээд байгаа ба гадна талын тохижолтын хүрээнд 250 гаруй метр төмөр хайс, 16 ширхэг зөөврийн гэрэлтүүлэг, явган хүний 72 метр чулуун зам, гэрлэн хаяг суурилуулж, таван төрлийн 80 ширхэг мод тарьсан ба 4.5 сая төгрөгийн зардлаар “Мөнгөн мод” буюу усан оргилуурыг бүтээжээ. Музейн фондонд хадгалагдаж байсан хүн чулуу болон бусад үл хөдлөх дурсгалт зүйлүүдийг гадна орчиндоо байрлуулснаар иргэд, үйлчлүүлэгчдийг сонирхолыг зохих ёсоор татаж байгаа юм. Мөн “Бодь буян” ХК-иар хос чулуун арслан байрлуулж, 44 ширхэг цонх, 6 ширхэг хаалганд төмөр хамгаалалт хийсэн байна.

Дотно тохижолтын хувьд “Өөдлөх айл үүднээсээ” гэгчээр үүдний өрөөний 16 метр орчмыг алаг шал, 52 метр газрыг плита нааж өнгөлсөн ба бүх ажилтнуудынхаа өрөөг орчин үеийн стилиэр тохижуулж, угсаатны, сийлбэрийн, байгаль газар зүйн, алдартны танхимыг шинэ дэглэлтээр сэргээн, эртний түүхийн танхим, үзсэгэлэнгийн танхим шинээр байгуулжээ. Дээрх бүтээн байгуулалт, засвар, тохижолтонд төсөв, төслийн хөрөнгө оруулалт болох 80-аад сая төгрөг зарцуулсан гэнэ.

Дашрамд дурьдахад, аймгийн Орон нутаг судлах музей нь 1951 онд байгуулагдсан. Хоёр үндсэн барилгын 11 танхимтай, 2500 ширхэг үзмэртэй аж. Тус байгууллагад 12 хүн ажиллаж, өв соёл ихтэй өврийн сайхан хангайн цаг үеийн түүхийг олон түмэнд сурталчилж байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж