Гишүүн Н.Ганбямба нийслэлд хамгийн гол нь цаасан төвтэй бодлогоос салж хүн төвтэй бодлогод шилжих хэрэгтэй гэлээ. Улаанбаатарт эмзэг бүлгийн 60-аад мянган өрх, 300-400 мянган хүн байгаа аж. Харин гишүүн С.Баяр нийслэлд амьдрахад улам бүр хэцүү болж айгааг хөндөж ярилаа. Алсаас харахад Улаанбаатар хар утаан хөшигний цаана орсон байдаг. Амьдралын чанар улам бүр муудаж байгаа. Нийслэлинй дундуур төмөр зам өнгөрдөг нь аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй зэргийг тэрбээр дурдсан юм. Сүүлийн үед төмөр замаар уул уурхайн бүтээгдэхүүн, тэсэрч дэлбэрэх бодис зөөвөрлөдөг болсон. Гэтэл нэг вагон осолдвол үүнээс болж нийслэлд асар их аюул учирч мэдэхээр болсон. Мөн 100 гаруй км өгсүүр зам таардаг нь хүндрэл учруулдаг. Тиймээс төмөр замыг Богд уулын өмнүүр өнгөрүүлж, нийслэл дундуурх төмөр замыг зорчигч тээврийн цахилгаан галт тэргэнд шилжүүлбэл замын ачаалал, түгжрэл багасах ач холбогдолтой гэж үздэгээ тэрбээр хэлсэн юм. Нийслэлийн зүүнээс баруун, урдаас хойш чиглэсэн зорчигч тээврийн цахилгаан галт тэрэг явуулбал Улаанбаатарын иргэдийн амьдрал ихээхэн хөнгөрөхийг дурдаж байлаа. Ирэх жилээс нийслэл хотын иргэд татвартай болно. Үүнийг төсөвт оруулж оновчтой зохицуулах ёстойг ч хэллээ.
Д.ОЮУН