М.Бундмаа, Т.Баттөгс нар хоёр яллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

М.Бундмаа, Т.Баттөгс нар хоёр яллаа

“Гуанжоу-2010” Азийн наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 73, 66 кг, эмэгтэйчүүдийн 57, 52 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодрох юм. Харин манай улсаас эдгээр жинийн төрөлд Г.Одбаяр /73 кг/, Х.Цагаанбаатар /66 кг/, Т.Баттөгс /57 кг/, М.Бундмаа /52 кг/ нар зодоглож байна.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд зодоглож буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар хэсгийн эхний барилдаанд Тажикистаны бөх Шухратжони Фархизодаг вазари үнэлгээгээр ялсан боловч удаахь барилдаанд Киргизстаны жүдоч Ислам Байанлиновт ялагджээ. Гэхдээ манай бөхийг хориотой мэх хийсэн хэмээн үзэж, өрсөлдөгч бөхөд шууд ялалт өгсөн юм. Монголын талаас шүүх бүрэлдэхүүнд гомдол гаргасан боловч шүүгчдийн зөвлөл шийдвэрээсээ буцсангүй. Х.Цагаанбаатар ч шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, дэвжээнээс буулгүй хэсэг хугацаанд дэвжээн дээр байсан бөгөөд үүнийхээ хариуд дагах барилдах зодоглох эрхээ хасуулжээ. "Доха-2006" Азийн наадмаас аваргын алтан медаль хүртэж байсан Х.Цагаанбаатарын хувьд энэ удаагийн Азийн наадмыг тун харамсалтай орхиж байна.

Харин 73 кг-ын жинд зодоглосон Г.Одбаяр эхний барилдаанд Сирийн жүдоч Одай Аль Мавардег цэвэр ялсан боловч дараагийн барилдаандаа БНСУ-ын бөх Ван Ки Чунд ялагдсанаар энэ удаагийн Азийн наадмыг орхиж байна.

Харин эмэгтэй жүдочдын тухайд хоёул хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болоод байна. Дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа Иран болон Казахстаны бөхчүүдийг ялсан бол Т.Баттөгс Вьетнам, Тайванийн бөхчүүдийг ялжээ. М.Бундмаа, Т.Баттөгс нар хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялбал аваргын алтан медалийн төлөө, харин ялагдвал хүрэл медалийн төлөө барилдах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж