Иргэдээс 3290 санал, гомдол хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Иргэдээс 3290 санал, гомдол хүлээн авчээ

Ерөнхийлөгчийн 2007 оны зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөр”-өөр тус аймгийн хэмжээнд давхардсан тоогоор иргэдээс нийт 3290, түүний дотор 53,2 хувийг  нь аймаг, сумын Засаг даргын тамгын газрууд, 46,8 хувийг нь аймгийн төвийн байгууллагууд “Нээлттэй хаалганы өдөр”-өөр хүлээн авчээ. Иргэд тэдгээр саналынхаа 602-ыг нь хурал, цуглаан, уулзалтын үеэр, 1890-ийг нь саналын хуудсаар, 105-ыг нь утсаар, 601-ийг нь хайрцгаар, 92-ыг нь орон нутгийн телевизээр дамжуулан илэрхийлсэн байна. Мөн сум, байгууллагуудаас 130 газарт зохион байгуулсан уулзалтын хурал, цуглаан, ярилцлагад 5,9 мяна гаруй иргэд оролцон тэдгээрийг төлөөлж 510 шахам хүн үг хэлж нутгийн удирдлагын байгууллагуудад санал зөвлөмж өгчээ. “Нээлттэй хаалганы өдөр”-өөр иргэдээс гаргасан 2,3 мянга гаруй асуулт, саналд тухайн өдөр газар дээр нь хариу өгч 640 саналыг сум, байгууллагууд үйл ажиллагааны төлөвлөгөө, удирдлагынхаа бодлого шийдвэрт тусган хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бол 266-г нь аймгийн Засаг даргын бодлого шийдвэрт тусгах нь зүйтэй хэмээн үзэж, 58-ыг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт уламжлахаар боллоо.

Иргэд гаргасан санал зөвлөмждөө аймаг, орон нутгаа хөгжүүлэх, төрийн ажил үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр зохион байгуулж байгаа ажлаа чанаржуулахын зэрэгцээ улам өргөтгөх, үр нөлөөг нь дээшлүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг далайцтай зохион байгуулах шаардлагатай гэжээ. Аймаг, орон нутагт нэлээн өргөн хүрээнд ярьж тодорхой арга хэмжээ авч байгаа ч гэсэн ажилгүйдэл, ядуурал тууштай буурахгүй, ажлын байр дорвитой нэмэгдэхгүй, хөдөлмөр эрхлэлт өргөжихгүй, залуучууд, ялангуяа шинээр сургууль төгсөгчдөд ажил олдохгүй байна гэж үзжээ. Мөн жил тутам улсын ба орон нутгийн төсөв, мөн төсөл хөтөлбөрийн шугамаар хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг ч аймаг, сумын хөгжил зохих түвшинд хүрэхгүй байгааг зарим баримтаар илэрхийлж, ялангуяа аймгийн төв-Булган хотын өнгө үзэмж, тохижилтыг эрс сайжруулахыг олон иргэд санал болгосон байна. Түүнчилэн нутгийн захиргааны байгууллагын ажлын хүрээг өргөтгөж чанаржуулах, нэр хүндийг өндөржүүлэх, төрийн албан хаагчдын мэдлэг чадвар, үйл ажилагааны арга барилыг сайжруулан, сэтгэлгээний цар хүрээг нэмэгдүүлж ажил хэрэгч байдлыг дээшлүүлэх, аймаг орон нутгийн ажлын үр дүнд ахиц дэвшил, өөрчлөлт  шинэчлэл гаргах шаардлагатай гэжээ. “Нээлттэй хаалганы өдөр”-ийг тус аймгийн төр захиргааны байгууллагууд орон нутагтаа зохион байгуулсан дүнг саяхан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дүгнэлт хийлээ.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж