Оросын багийн хууччуулын нэг “Цамхаг” хочит Екатерина Гамова тоглолтын туршид 35 оноо авч багаа манлайлсан бол Любовь Шашкова /бидний сайн мэдэхээр Соколова/, Мария Перепелькина болон Татьяна Кошелева нар 14, 13 болон 10 оноо багтаа авчирчээ. Харин Бразилийн багаас Шейлла Кастро 26 оноо авч, багаа тэргүүлсэн байна.
Бямба гаригийн үдэш хагас шигшээ тоглолтод Японы багийг илүүрхэн буулгаж авсан бразилчууд тоглолтын эхний үед 10-3 харьцаатай тэргүүлж, цэнгэлдэхэд цугласан шар, ногоон хувцастай фанатууд самба бүжиж, баяраа тэмдэглэж байсан ч Шашкова тэргүүтэй Оросын баг тооны харьцааг 13-10 болгон ойртуулснаар Бразилийн дасгажуулагч завсарлага авахад хүрсэн юм. Улмаар эхний үе 25-21 харьцаатай бразилчуудын ялалтаар өндөрлөсөн ч дараагийн сетийг Оросын баг авч, тоглолт өгөө аваатай үргэлжилсээр тавдугаар үед Оросын эмэгтэйчүүд давуу тоглолт үзүүлж, дэлхийн аварга цолоо амжилттай хамгаалсан юм.
2010 оны дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө зохион байгуулагч Япон болон АНУ-ын баг тоглож, 18-25; 25-23; 21-25; 25-19; 15-8 харьцаатай Японы багийн ялалтаар өндөрлөсөн байна. Дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигдээд буй Японы шигшээ 1978 онд ОХУ-д болсон дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэнээс хойш анхны медалиа, мөн анхны хүрэл медалиа зүүсэн юм.
С.Цэлмэг