
Сайн юмыг зөгнөн мөрөөдөх сайхан. Наад зах нь том ашиг орлого мөрөөдөх гоё шүү дээ. Монгол Улс говийн хөрсөн дорхи баялгаараа хөгжинө гэдгийг ноён хутагт Данзанравжаа мөрөөдөөд хэлчихсэн нь биелэх гэж байна. Бүр хоёр зуу гаруй жилийн тэртээд шүү. Гэтэл түүнийг нүдээр үзэж буй энэ цагийн залуус үгүйсгэж буй нь гайхалтай, бас гунигтай. Монголчууд өнөөдөр дангаараа байтугай хуваагаад гаргах зардалгүй ч “Миний нутгийн хөрсөнд байгаа юм шүү” гэдгээрээ омогшиж, онгирч байгаад хамтран ажиллах маш таатай гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл Оюутолгойн ордоо гадныхны мөнгөөр, тэднийг зарцалж бүтээн байгуулалтаа босгож байна. Тэнгэр заяат монголчууд дэлхийг хаанчилж байгаа хятадууд, канадуудаар ажлаа хийлгээд ашгаа авах гэж байна, яадаг юм бэ. Дээр нь монгол хүн тэнд ажлын байртай, өндөр цалинтай болж, үнэ төлбөргүй суралцана. Яагаад энэ гэрээг өөдрөгөөр харж болохгүй гэж.
“Худлаа, бид гадныханд луйвардуулж байна” гэж хашгирсаар байгаад түүндээ итгэчихэж. Худал үгийг олон давтахаар үнэн болдог гэдэг. Бас монгол хүн “Амны билгээс ашдын билгэ” ч гэж ярьдаг. Яагаад Оюутолгойн гэрээнд Монголын талын эзэмших хувь хэмжээг 34-өөс 50 хувь болтлоо өснө гэж заачихаад байхад “Үгүй ээ, долоон хувь болчихсон” гэж яриад байгаа юм бол. Яагаад 50 хувь болох тухай хэн ч ярихгүй байгаа юм бэ гэдэг сонин байгаа биз дээ. Энд бидний сайн ойлгоогүй, эсвэл мэдэхийн ихээр мэдэж байгаа боловч мушгин гуйвуулж байгаа нэг зүйл байна. Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг. Харин мэдсээр байж хараар будаж байгаа нь цаанаа хэчнээн хор холбогдолтойг мөнөөх л улс төртэй холбон тайлбарлаж болно. Дээр нь сайхан гэрээг муухай улс төртэй холбож мушгин гуйвуулахад ашиглах нэг далим гарч ирсэн. Тэр нь давуу эрхийн хувьцаа гэгч юм.
“Айвенхоу Майнз” компаниас Оюутолгойд оруулж байгаа зээлийг давуу эрхийн хувьцаа гэж нэрлэж байгаа. Энгийн хувьцаатай хольж хутган эргэлзээд байгаа бол өөр хэрэг. Харин үүгээр далимдуулж 34 хувийг долоо болсон гэж иргэдийн тархийг угааж буйг “гэмт хэрэг” ч гэж үзэж болох юм. Давуу эрхийн хувьцаанд энгийн хувьцаанаас ялгарах эрх, үүрэг бий. Тухайлбал, давуу эрхийн хувьцаа бол анх тогтоосон хүүгийн хамт эргүүлэн төлөх зээл юм. Энэ зээлийг зээлдэгчид буюу давуу эрхийн хувьцаа эзэмшигчид л өөрсдөө төлөх юм шүү дээ. Манай хувь хэмжээ өөрчлөгдөхгүй. Энгийн хувьцаа эзэмшигчдэд ашиг болон бэлэн мөнгөнөөс ногдол тооцдог.
Давуу эрхийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах эрхгүй. Мөн Оюутолгой ХХК-ийн хөрөнгө өр төлбөрийг хариуцах эрхгүй. Тус компанийн ТУЗ-д төлөөлөлтэй байх албагүй. Юу нь муу байгаа юм бэ.Харин ч өдөрт 70 мянган тонн хүдэр олборлох хүчин чадалтай байсан үйлдвэр маань 100 мянган тонныг олборлох болж сайжирна. Гэтэл “тархи угаагчид” давуу эрхтэй хувьцааны буюу зээлийн үнийн дүнг энгийн хувьцааны дүн дээр нэмээд Монголын Засгийн газрын эзэмшиж байгаа энгийн хувьцаатай харьцуулж үзсэн байна л даа. Энэ нь хөрөнгийг зөв тооцох арга биш юм. Үнэн хэрэгтээ манай 34 хувийн үндсэн хөрөнгө хэвээрээ байгаа бөгөөд зээл, төлбөрийг барагдуулсны дараа бэлэн мөнгөний орлогын /ашгийн биш шүү/ 34 хувийг авах болно. Өөрөөр хэлбэл, Мон¬гол Улсын Засгийн газрын эзэмшил нь энгийн хувьцаа учраас давуу эрхийн хувьцаа гаргаснаар хувь хэмжээ огт буурахгүй. Энэхүү зөрүүтэй ойлголтыг зохицуулах үүднээс Оюутолгой ХХК давуу эрхтэй хувьцааг зээлийн баримт болгож байгаа ажээ. Монгол Улсын Компанийн тухай хуульд дээрх хоёр төрлийн хувьцааны ялгааг тодорхой заасан байдаг.
Оюутолгойн бүтээн байгуулалтад 2012 оны наймдугаар сарыг хүртэл зургаан тэрбум ам.долларын капитал хөрөнгө оруулалт шаардлагатай. “Айвенхоу Майнз” болон тус компанийн томоохон хувь эзэмшигч “Рио Тинто” компани нь Оюу Толгойн санхүүжилтийг бүрэн хариуцаж, зээл хэлбэрийн санхүүжилтийг олгож байгаа. Ингэснээр “ОюуТолгой” компани 2013 оноос орлого олж эхлэх бөгөөд орлогыг үйл ажиллагааны зардал, капитал хөрөнгө оруулалт болон хүүгийн төлбөрт зарцуулахаар хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан байдаг. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газрын ОюуТолгойд эзэмшиж буй 34 хувь 6.8 хувь болтлоо буурсан гэдэг нь яагаад ч батлагдахгүй худал мэдээлэл юм. Харин ч Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлд зааснаар энэхүү хувь хэмжээ 50 хувь хүртэл өсөх боломжтой гэдгийг санаж, ирээдүйгээ өөдрөгөөр харж, үнэнд итгэж амьдарснаар монголчууд хожиж, Монгол Улс хөгжих болно.
Компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн эрх
35.1. Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь дараах эрх эдэлнэ:
35.1.1. хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх;
35.1.2. давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/-өөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах;
35.1.3. компанийг татан буулгах үед энэ хуулийн 28 дугаар зүйлд тогтоосон журмын дагуу үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх.
35.1.4. хувьцаат компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 39 дүгээр зүйл болон компанийн дүрэмд заасны дагуу компаниас нэмж гаргах хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасыг тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй.
35.1.5. компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн энгийн хувьцаа эзэмшигчид нь хувьцаанд хамаарах бусад үнэт цаасыг энэ зүйлд заасан бусад журмын дагуу тэргүүн ээлжинд худалдан авах эрх эдэлнэ.
35.2. Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчийн эзэмшиж болох энгийн хувьцааны тоог хязгаарлаж болохгүй.
35.3. Энгийн хувьцааг компанийн давуу эрхийн хувьцаа болон бусад үнэт цаасанд хөрвүүлж үл болно.
35.4. Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хууль болон хязгаарлаж болно. /Энэ хэсгийн “хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэсэн заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2002 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
36 дугаар зүйл. Компанийн давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн эрх
36.1. Бүх төрлийн давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь дараах эрх эдэлнэ:
36.1.1. эрх бүхий байгууллагаас тогтоосон давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг тэргүүн ээлжинд авах;
36.1.2. энэ хууль, компанийн дүрэм болон тухайн төрлийн давуу эрхийн хувьцаа гаргах тухай шийдвэрт заасан асуудлаар хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхтэй оролцох;
36.1.3. компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсан орлогоос хуримтлагдсан ногдол ашиг болон эзэмшиж байгаа хувьцааны татан буулгалтын үнийг авах.
36.2. Компанийн дүрэм, эсхүл тухайн төрлийн давуу эрхийн хувьцаа гаргах тухай шийдвэрт дор дурьдсан зүйлийг тусгана:
36.2.1. татан буулгах үед түүнд төлөх төлбөр, төлөх журам, дэс дараалал;
36.2.2. хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхтэй оролцох нөхцөл, давуу эрхийн нэг хувьцаанд ногдох саналын тоо;
36.2.3.давуу эрхийн хувьцааг энгийн хувьцаанд хөрвүүлэх бол түүний нөхцөл;
36.2.4. давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшилд байгаа давуу эрхийн хувьцаагаа компанид эргүүлэн авахыг шаардах нөхцөл.
36.3. Компани нь давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг бүрэн төлсөн болон эргүүлэн авах үүрэг бүхий давуу эрхийн хувьцааг авсны дараа энгийн хувьцааг эргүүлэн авах буюу худалдан авах, түүнд ногдол ашиг төлөх эрхтэй болно.
36.4. Энэ хуулийн 48.З.-т заасан нөхцөл үүсээгүй бол компани нь давуу эрхийн хувьцаанд ногдох ногдол ашгийг дүрэмд заасан хэмжээ болон хугацаанд төлнө.
36.5. Компанийг татан буулгах тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигчдэд ногдох хөрөнгийг олгохоос өмнө дарааллын дагуу давуу эрхийн хувьцаа эзэмшигчдэд уг хувьцааны татан буулгалтын үнэ, төлөгдөөгүй ногдол ашгийг төлнө.
36.6. Давуу эрхийн хувьцаа эзэмшигчид нь хувь нийлүүлэгчдийн хуралд дараах тохиолдолд саналын эрхтэй оролцоно:
36.6.1. компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон дүрмийн шинэчилсэн найруулгыг батлахдаа тэдгээрийн эрхийг хязгаарласан заалтыг оруулж байвал;
36.6.2. компанийг өөрчлөн байгуулах явцад давуу эрхийн хувьцааг энгийн хувьцаа, бусад төрлийн үнэт цаас болон бусад хөрөнгөнд хөрвүүлж байвал.
36.7. Энэ хуулийн 36.6.-д заасны дагуу давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхтэй оролцож байгаа хувь нийлүүлэгчдийн хурлын уг асуудлаарх шийдвэрийг компанийн дүрэмд дээгүүр тогтоогоогүй бол зөвхөн давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн саналын олонхиор гаргана.
36.8. Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох хуралд давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдийг дараах нөхцөлд саналын эрхтэй оролцуулахаар компанийн дүрэмд зааж болно:
36.8.1. компанийн дүрэмд энгийн хувьцаанд хөрвөх давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөн удирдах зөвлөлд өөрийн төлөөлөгчийг оруулж болохоор заасан бол;
36.8.2. давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг хугацаанд нь төлөөгүй бол.
У.Оргилмаа.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин.