Б.Наранбаатар тав дахь ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатар тав дахь ялалтаа авлаа

Бөхийн чөлөөт барилдааны Германы Бундеслигийн ээлжит тойргийн барилдаанууд өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Бямба гаригт болсон барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатарын харьяалагдаж буй "KSV Kollerbach" клуб "TSV Musberg" багтай өрсөлдөж, нийлбэр дүнгээр 24:10 харьцаатай ялалт байгуулжээ. 60 кг-ын жинд зодоглож буй гавьяат тамирчин Б.Наранбаатарын тухайд Германы бөх Андреас Бопплетай барилдаж, 11:0 харьцаатай гурван үед дараалан илт давуу ялснаар Бундеслигт дараалсан тав дахь ялалтаа авсан байна. Харин ням гаригт болсон барилдаанд "KSV Kollerbach" баг "RWG Mombris-Konigshofen"-тай таарч, 19:16 харьцаатай ерөнхий дүнгээр ялагджээ. Энэ тойргийн барилдаанд Б.Наранбаатар дэлхийн шилдэг бөхчүүдийн нэг Красимир Крастановт ялагдсанаар Бундеслигийн барилдаанд анхны ялагдлаа хүлээгээд байна.

Бундеслигт улирал бүр тогтмол амжилт үзүүлдэг "KSV Kollerbach" клуб өдгөө Бундеслигийн өрнөд бүсийн дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдээд байна. Тэд дараагийн барилдаанаа энэ сарын 20-нд "ASV Mainz 88" багтай хийх юм. Б.Наранбаатарын тухайд нийт есөн тойргийн барилдаан хийхээр "KSV Kollerbach" клубтэй гэрээ байгуулсан бөгөөд сүүлийн барилдаанаа арванхоёрдугаар сарын 4-нд хийгээд, эх орондоо ирэх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж