Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Кюүшю башё эхэллээ

Мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын кюүшю башё өчигдөр эхэллээ. Японы Кюүшю аралд энэ сарын 28-ныг дуустал үргэлжлэх арваннэгдүгээр сарын барилдаанд манай 12 сумоч макүүчи буюу дээд зиндаанд барилдана. Уламжлал ёсоор их аварга Хакухо М.Даваажаргал хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийг манлайлан барилдах бөгөөд эхний долоон өдрийн барилдаанд уналгүй давбал сумогийн түүхэнд дараалан давсан давааныхаа тоогоор рекорд амжилтын эзэн болох билээ.

Кюүшю башёгийн эхний өдрийн барилдаанд Хакухо аварга баруун жигүүрийн комүсүби Точиношинг уватэнагэ мэхээр давж, дараалсан 63 дахь даваагаа авсан. Харин озэки Харумафүжи Д.Бямбадорж энэ өдөр баруун жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Котошогикүтэй учраа тааран барилдаж, котэнагэ мэхээр ялагдсан байна. Тэрбээр башё эхлэхээс өмнө мөрөндөө гэмтэл авч, бэлтгэл муутай зодоглож байгаа билээ.

Манай бусад бөхчүүдийн тухайд Какурюү М.Ананд Хомашог цүкидаши мэхээр, Токүсэгава Б.Ганболд ёрикири мэхээр Котокасугаг, Тамаваши Б.Мөнх-Оргил ошидаши мэхээр Кимураямаг, Шотэнро Д.Нямсүрэн ёрикири мэхээр Касугаог тус тус давжээ. Харин Асасэкирюү Б.Дашням, Хакуба А.Өнөржаргал, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Моконами Г.Базарсад, Токитэнкү А.Хүчитбаатар, Коорюү Э.Мөнх-Оргил нар учраа тааран барилдсан бөхчүүддээ ялагдсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж