Мансуурдаг 700 орчим хүн бий

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Мансуурдаг 700 орчим хүн бий

Монголын Улаан загалмай нийгэмлэг, ДОХ-той тэмцэх үндэсний хороо, “Оюуны дархлаа” ТББ-аас “Хар тамхи мансууруулах бодисын хэрэглээтэй холбогдон гарч болзошгүй ХДХВ/ДОХ-ын  тархалтын эрсдэл, Үндэсний стратеги  төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” уулзалт, семинарыг өнгөрөгч амралтын өдөр Улаанбаатар хотоос 100 гаруй км-т байрлах “Хустайн цогцолбор”-т  зохион байгууллаа. Зангиагүй уулзалт семинарт ДОХ-ын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Хадхүү, Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга Ш.Ганболд,  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Т.Сайнжаргал, Глобаль сангийн төслийн зохицуулагч Д.Ганцэцэг, өдөр тутмын сонин, радио телевизийн 10 гаруй сэтгүүлч, Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи мансууруулах бодисын гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагчид, Эрүүгийн төлөөлөгчид оролцож мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ өнөөгийн байдал, ХДХВ/ДОХ-ын халдварын тархалт, хор хөнөөл, цаашид урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулах хэрэгцээ шаардлага, гарч болох эрсдэл зэргийн талаар ярилцсан юм.

“Судсаар тарих үйлчилгээг эмнэлгийн нөхцөлд үзүүлдэг”

Үндэсний хорооны бодлого, чиглэлийг олон улсын жишигт нийцүүлж буй нь сэдвээр ДОХ-ын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Хадхүү илтгэлдээ  Монгол Улсад хар тамхи судсаар хэрэглэгчдийн тоо 650-1000, эрэгтэй бэлгийн хавьтагчтай эрэгтэйчүүд буюу гей эрчүүд 6500, биеэ үнэлэгч 9500 орчим эмэгтэй байх магадлалтай  талаар дурдсан юм. Дээрх бүлэгт хамаарах хүмүүс ХДХВ/ДОХ-ийн халдвар авах, халдварыг тараах өндөр эсрдэлтэй гэж үздэг байна. Түүнчлэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис  судсаар хэрэглэдэг хүмүүсийг ХДХВ-ийн халдвараас сэргийлэх зорилгоор эмч сувилагчийн хяналтад хэрэглэх жишээг онцолж байв. Тухайлбал, Австрали, Канад оронд нэг, Европын холбооны 68 оронд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг аж.

Гэмт хэрэгтэй тэмцэх хурд гүйцэхгүй байна гэв

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга Ш.Ганболд танилцуулсан юм. Тэрбээр Монголд мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн өсөлт, хэрэглээ, тээвэрлэгч болж буй байдал ямар байгааг хил залгаа хөрш орнуудын хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй харьцуулсан байв. Илтгэлээс зарим хэсгийг онцлоход дэлхий дээр  таван сая хүн мансууруулах бодист донтсон  бол өнгөрөгч онд Сибирьт хамгийн их буюу зургаан тонн мансууруулах бодис байгаа гэх тооцоо гарчээ. Харин урд хөрш буюу Хятад улсад мансууруулах бодистой холбоотой 77 мянган хэрэг бүртгэгдсэн бол 50 сая гаруй хүн дээрх бодисыг хэрэглэдэг гэх тооцоо гарчээ. Харин хойд хөрш Оросын Буриадад 18-30 насны залуус хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг бөгөөд 1000 орчим сурагч эмчийн хяналтад байдаг аж. Энэ мэт хөрш орнуудад мансууруулах бодисын хэрэглээ  өндөр байгаа нь Монгол Улс тээвэрлэгч орон болох өндөр эрсдэлтэйг харуулж буй хэрэг ажээ. Түүнчлэн нийгмийн хөгжлийн хурдыг Монголын  цагдаа, хууль хяналтын байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх хурд гүйцэхгүй байгааг онцоллоо. Жишээ нь, Монгол Улсын өндөр хяналттай цэг болох Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудлаас 2008 онд 36,75 грамм геройн олдсон бол өнгөрөгч долдугаар сард нисэх буудлын хяналтын камергүй хэсгээс  капсультай үл мэдэгдэх бодис олдсон нь камерийн хяналт  стандартад нийцээгүй болохыг харуулж буй хэрэг гэв. Тиймээс гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгахад камержуулах шаардлага гарч буйг дээрх жишээгээр тайлбарлаж байлаа.

“Судсаар тариулагчид ХДХВ-ын халдвар авах эрсдэлт бүлэг” 

Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг эсрдэлт  зан үйлийн талаарх  Глобаль сангийн төслийн зохицуулагч Д.Ганцэцэгийн илтгэлд судсаар хар тамхи хэрэглэгчид/СХТХ/ ХДХВ/ДОХ-ын халдвар авах эрсдэл өндөр болохыг дурдав.  Тухайлбал, Зүүн Европ, төв Азийн орнуудад 11-21 сая хүн судсаар  мансууруулах бодис хэрэглэж байгаа бол тэдний 0.8-6.6 сая нь ХДХВ-ДОХ-ын халдвар авсан байна. Дэлхий дээр СХТХ-ийн тоогоор Азийн орнууд тэр дундаа Хятад,Орос улс тэргүүлдэг гэх судалгаа гарчээ. Хятадад мансууруулах бодис хэрэглэгчдийн 38% нь, ОХУ-д  гурван  сая хүн ХДХВ-ийн халдвар тээгч бөгөөд тэдний  65 хувь нь судсаар мансууруулах бодис хэрэглэж байна. Харин энэ тоо Монголд 1999 онд 45 байсан бол одоо 700 орчим болж нэмэгдсэн байх магадлалтай аж.

“Урьдчилан сэргийлэхэд сэтгүүлчид чухал үүрэгтэй”

Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, ХДХВ/ДОХ-ын хор хөнөөлийг олон нийтэд таниулах, сэтгэхүйг нь өөрчлөх, урьдчилан сэргийлэх, ухуулан таниулахад  хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоо чухал болохыг онцлов. Тиймээс сэтгүүлчид,  цагдаа хууль хяналтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй гэж үзлээ. Уулзалт семинарийн төгсгөлд  мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийг бууруулах, тэднийг ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх төсөл, хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэх бодит шаардлага, хэрэгцээ байна. Хамгийн чухал нь олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, үр дүнтэй менежмент боловсруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, цагдаа хууль хяналтын байгууллага, сэтгүүлчдийн оролцоог дэмжих, идэвхижүүлэх, эрсдэлт хүн амд чиглэсэн бодит ажил хийх нэн тэргүүний хэрэгцээ шаардлага байна гэж оролцогчид дүгнэлээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж