Шийдвэрлэх гараанд Веттель тэргүүн эгнээнээс

Хуучирсан мэдээ: 2010.11.14-нд нийтлэгдсэн

Шийдвэрлэх гараанд Веттель тэргүүн эгнээнээс

Авто уралдааны хаан ангилал гэгддэг “Формула нэг”-ийн энэ улирлын аваргыг тодруулах шийдвэрлэх эцсийн гран-при уралдаан хэдхэн цагийн дараа Абу Дабигийн алдарт Яс Марина тойрог замд эхлэх гэж байна. Өчигдөр болсон байрлал тогтоох гараанд “Red Bull”-ын нисгэгч Себастьян Веттель түрүүлснээр тэргүүн эгнээнээс уралдааныг эхлүүлэх болсон бол “McLaren”-ы Льюис Хэмильтон түүний араас бариалжээ. Харин уралдааныг ерөнхий дүнгээр манлайлж буй “Ferrari”-гийн Фернандо Алонсо гуравт, Хэмильтоны багийн анд Женсон Баттон дөрөвт хурдалжээ. Алонсотой хамгийн ойр буюу ердөө наймхан онооны зөрүүтэй ерөнхий дүнгээр хоёрдугаар байрт бичигдээд буй Австрали нисгэгч Марк Уэббер тавд, “Ferrari”-гийн Фелипе Масса зургадугаарт бариалсан байна.
Яс Марина тойрог замд болсон байрлал тогтоох уралдаанд Веттель Хэмильтоноос ердөө 0,031 секундээр урьтаж, барианд оржээ. Герман нисгэгч ийнхүү энэ улиралд байрлал тогтоох гараанд 10 дахиа түрүүлж, “Формула нэг”-ийн дэлхийн аварга цол хүртэх боломжоо ихэсгэсэн юм. Гэхдээ Веттель ерөнхий дүнгээр манлайлагч Алонсогоос 15 онооны алдагдалтай байгаа учир зөвхөн ялалтын төлөө тэмцэх учиртай.
2008 оны дэлхийн аварга Хэмильтоны тухайд хоёр дахиа аваргын цом хүртэх боломж онолын хувьд нээлттэй. Гэхдээ Хэмильтон тэргүүлэгчээс 24 оноогоор хоцорч буй тул тэргүүлэгчид уралдааныг талаас орхиж, оноо аваагүй тохиолдолд л түүний хүсэл биеллээ олно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж