Дэвид Хэй аваргын бүсээ хамгааллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.14-нд нийтлэгдсэн

Дэвид Хэй аваргын бүсээ хамгааллаа

Британийн шилдэг тулаанч Дэвид Хэй WBA холбооны хүнд жингийн дэлхийн аварга цолоо хамгаалах хоёр дахь тулаанаа Английн Манчестер хотноо өчигдөр нутаг нэгт Одли Харрисонтой хийж, гуравдугаар раундад өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялжээ. Дотоодын чанартай энэ тулааныг “Хамгийн шилдэг тулаан” хэмээн нэрлэж байсан ч Дэвид Хэй 2000 оны Сиднейн олимпийн аваргыг төвөггүй буулган авсан юм. Мэргэжлийн боксын рингэнд 26 тулаан хийснээс 25 дахь ялалтаа авсан Хэй тулааны дараа “Мэдээж би баяртай байна. Би түүнийг эхний гурван раундад унагана гэж хэлж байсан биз дээ” хэмээн аагархжээ.
Дэвид Хэй өнгөрсөн жил ОХУ-ын шилдэг тулаанч Николай Валуевийг буулган авснаар WBA холбооны хүнд жингийн дэлхийн аварга болсон юм. Түүний дараа Жон Руизийг ялсан Хэй ийнхүү хоёр дахь удаагаа аваргын бүсээ амжилттай хамгааллаа. Харин түүний дараагийн өрсөлдөгчөөр Украйны шилгүүд болох Кличкогийн ах дүүсийн нэг нь байх болно хэмээн мэдээлж байгаа билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж