Азийн наадам: 2 дахь өдөр

Хуучирсан мэдээ: 2010.11.14-нд нийтлэгдсэн

Азийн наадам: 2 дахь өдөр

БНХАУ-ын Гуанжоу хотноо Азийн спортын их наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр буюу наадмын эхний өдөр Монголын баг тамирчид тун тааруу эхлэл тавьж, ихээхэн итгэл найдвар хүлээлгэж буй жүдочдоос хүнд жингийн төрөлд дөрвөн бөх зодоглосон ч медалийн тавцанд гарч чадаагүй. Харин буудлагын спортын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд Б.Бишрэл дөрөвдүгээрт байрт шалгарсан байгаа. Түүнчлэн багийн спортын төрөлд хүч сорьж буй тамирчдаас дийлэнх нь эхний өдөр ялагдсан бол триатлоны эмэгтэйчүүдийн төрөлд Т.Энхжаргал сүүл мушгиж, хамгийн сүүлд бариалсан юм.  
Харин өнөөдөр Монголын баг тамирчид бейсбол, сагсан бөмбөг, бильярд, шатар, гандбол, жүдо, буудлага, усанд сэлэлт, ширээний теннис болон триатлоны төрөлд өрсөлдөж байна.
Өглөө 09.00 цагаас эхэлсэн триатлоны эрэгтэйчүүдийн төрөлд Ч.Гансүх өрсөлдсөн юм. Гараанаас нийт 19 тамирчин гарч уралдсанаас манай тамирчин 2:38:44.85 цагийн амжилтаар хамгийн сүүлийн байрт бичигджээ. Тэрбээр триатлоны тэмцээнд түрүүлсэн Японы Юүичи Хосодагаас 46:29.28 минутаар хоцорч, барианд орсон байна.
Буудлага спортын тухайд өнөөдөр 10 метрийн хийн гар бууны эрэгтэй, эмэгтэй төрөлд аваргууд тодорсон. Эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн манай тамирчдаас Э.Даваахүү 18-рт, Э.Бадамгарав 27-рт, харин В.Ганцоож 29-р байрт бичигдсэнээр багийн дүнгээр 13 орноос долдугаарт шалгарсан бол эмэгтэйчүүдээс О.Гүндэгмаа 381 оноогоор 10-р байрт, Ц.Мөнхзул 34-рт, харин Ц.Хонгорзул 45-р байрт тус тус бичигдэж, багийн дүнгээр 13 орноос есдүгээр байрт шалгарсан байна.
Харин жүдо бөхийн тэмцээний тухайд өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 ба 81 кг, эмэгтэйчүүдийн 70 ба 63 кг-ын жингийн барилдаан болж байгаа бөгөөд манай улсаас тэдгээр жингийн төрөлд Э.Энхбат /90 кг/, О.Ууганбаатар /81 кг/, Ц.Наранжаргал /70 кг/, С.Энхзаяа /63 кг/ нар хүч сорьж байна.
Өглөө эхэлсэн хэсгийн барилдаанд Э.Энхбат эхний барилдаандаа Лаосын бөх Фенгси Фонепасеудыг цэвэр ялж, удаахь барилдаандаа БНСУ-ын жүдоч И Кью Вонг ялснаар хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болоод байна. Одоо манай тамирчин Узбекистаны бөх Дилшод Чориевтэй барилдах бөгөөд ялсан тохиолдолд аваргын алтан медалийн төлөө барилдах юм. Түүнчлэн 81 кг-ын жинд хүч сорьж буй О.Ууганбаатар эхний барилдаандаа Киргизийн бөхийг цэвэр ялж, дараа нь БНХАУ-ын тамирчинг юүко үнэлгээгээр ялснаар хэсгийн аваргын төлөө БНСУ-ын бөх Ким Жэ Бумтай барилдах болжээ.
Эмэгтэй жүдочдын тухайд 70 кг-ын жинд Ц.Наранжаргал эхний барилдаандаа БНХАУ-ын бөх Чень Фейд цэвэр ялагдсан байна. Тэрбээр одоо Филиппиний тамирчин Карен Анн Соломонтой барилдах ба ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм. Харин 63 кг-д С.Энхзаяа Ливаны бөхийг цэвэр ялсан ч дараагийн барилдаандаа БНАСАУ-ын бөх Ким Сү Гёнд ялагдсан байна. С.Энхзаяа дараагийн барилдаанаа Энэтхэгийн тамирчин Гарима Чаудхаритай хийх ба ялбал медалийн төлөө барилдах эрхтэй болох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж