Москва тагнуулчдыг илчилсэн урвагчийг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2010.11.14-нд нийтлэгдсэн

Москва тагнуулчдыг илчилсэн урвагчийг тогтоожээ

Оросын өдөр тутмын  Коммерсант сонинд АНУ-д ажиллаж байсан оросын тагнуулчдын сүлжээг илчилсэн урвагчийг Оросын аюулгүй байдлын албаны ажилтан байсан хурандаа Шербаков байсныг илрүүлэн тогтоосон гэж аюулгүй байдлын албаны эх сурвалжаас олж авсан мэдээнд үндэслэн пүрэв гаригт мэдээлсэн байна.
Энэхүү мэдээг аюулгүй байдлын албаны гишүүн асан, Оросын Думын аюулгүй байдлын комиссын дарга Геннадий Гудков нотолсон байна.
Коммерсант сонинд мэдээлснээр хурандаа Шербаков оросын Үндэсний аюулгүй байдлын албанд олон жил ажилласан төдийгүй өнгөрөгч 6 дугаар сард АНУ-д илчлэгдэн баривчлагдсан 10 тагнуулчийн үйл ажиллагааг удирдаж байсан дарга нь байжээ.
Тус сонинд мэдээлснээр хурандаа Шербаков ерөнхийлөгч Дмитрий Медведевийг АНУ-д айлчлал хийхээс 3 хоногийн өмнө оросыг орхин гарсан бөгөөд тагнуулчдыг илчилсэн хэрэг явдал Медведевийн айлчлалын дараахан дэгдсэн билээ.
Шербаковын охин АНУ-д амьдарч байсан болон мансууруулах бодисын эсрэг тэмцэх оросын албанд ажиллаж байсан түүний хүү үйл явдал өрнөхөөс хэд хоногийн өмнө өөрийн орноо орхин явсныг оросын аюулгүй байдлын албаныхан анхааралдаа огт аваагүй байсанд Коммерсант сонин гайхаж байгаагаа дурдсан аж.
Өнгөрөгч долдугаар сард ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин тагнуулчдыг илчисэн явдлыг “ноцтой урвалт” гэж дүгнээд “урвагчдын хувь заяа үргэлж муугаар дуусдаг юм” гэж  ярьсан удаатай.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж