“Бөртэ” хамтлаг Гуанжоуд тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.11.13-нд нийтлэгдсэн

“Бөртэ” хамтлаг Гуанжоуд тоглоно

БНХАУ-ын Гуанжоу хотноо өчигдөр эхэлсэн Азийн XVI наадамд зориулсан “Music for Cultural Harmony” урлагийн тоглолт энэ сарын 15-нд Гуанжоу хотын Opera House-д болох бөгөөд тус тоглолтод Монгол Улсыг төлөөлж, “Бөртэ” хамтлаг оролцох ажээ. Ганцхан удаа тоглогдох тус урлагийн тоглолтыг VIP байдлаар 3000 гаруй тусгай үзэгчдэд зориулан тоглох бөгөөд ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Николай Римский-Корсаковын “Шахерезада” дуурийн хөгжмөөр тоглолтыг найруулах юм. “Бөртэ” хамтлагийн тухайд энэ сарын 10-ны өдөр Гуанжоуг зорьж, өдгөө тус хотод тоглолтын бэлтгэлээ базааж буй.  ЮНЕСКО-гоос зохион байгуулж буй “Music for Cultural Harmony” тоглолтод “Бөртэ” хамтлаг Шеньжений симфони оркестр болон олон улсын 65 уран бүтээлчидтэй хамтран тоглох юм.

Дашрамд сонирхуулахад, “Ингэн тэмээний нулимс”, “Шар нохойн там”, “Чингисийн хоёр загал” киноны хөгжмөөрөө дэлхийд нэрээ гаргаж, АНУ-ын Манхэттэнд болсон А зэрэглэлийн олон улсын кино наадмын “Шилдэг киноны хөгжим” шагнал, Германы 2005 оны пянз үйлдвэрлэгчдийн “Шилдэг уран бүтээл”-ийн шагнал хүртэж байсан “Бөртэ” хамтлагийн 10 жилийн ойн тоглолт арваннэгдүгээр сарын 27-ны 19.00 цагт “АСА” циркт болох юм. “Бөртэ” хамтлаг 2000 онд Герман улсад байгуулагдсан цагаас хойш 10 жилийн турш тасралтгүй дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж, ардын урлагийг сурталчилж яваа Монголын соёлын элч болсон хамтлаг билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж