Б.Бишрэл дөрөвдүгээр байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.13-нд нийтлэгдсэн

Б.Бишрэл дөрөвдүгээр байрт шалгарлаа

Азийн XVI спортын их наадмын буудлагын спортын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд өрсөлдсөн Б.Бишрэл дөрөвдүгээр байрт шалгарлаа. Нийт 48 тамирчин урьдчилсан шатанд өрсөлдсөнөөс манай тамирчин 594 оноогоор тавдугаар байрт бичигдсэнээр шигшээ буудлагад өрсөлдөх эрхтэй болжээ. Харин шигшээ буудлагад тэрбээр 103 оноо авснаар нийлбэр дүнгээр 697 оноотой болж, дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Энэ төрөлд зохион байгуулагч орон БНХАУ-ын тамирчин Жу Чинань 702 оноогоор түрүүлж, аваргын алтан медаль хүртсэн бол Энэтхэг болон БНСУ-ын тамирчин мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ.

Эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд манай улсаас Б.Бишрэлээс гадна Д.Ганзориг, Ц.Мөнх-Эрдэнэ нар онч мэргэнээ сорьсноос Д.Ганзориг 15-рт, харин Ц.Мөнх-Эрдэнэ 20-р байрт бичигдсэн байна. Ингэснээр манай тамирчид багийн төрөлд мөн дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Мөн өнөөдөр буудлагын спортын эрэгтэйчүүдийн 50 метрийн гар бууны тэмцээн болсон бөгөөд энэ төрөлд манай баг тамирчдаас Э.Даваахүү 22-рт, Э.Бадамгарав 35-р байрт тус тус шалгарчээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд О.Янжинлхам 16-р байрт, Ч.Нарантуяа 19-рт, Г.Нандинзаяа 40-р байрт тус тус бичигдлээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж