Цэцгэн хотноо Азийн наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.13-нд нийтлэгдсэн

Цэцгэн хотноо Азийн наадам эхэллээ

БНХАУ-ын Гуанжоу хотноо  өчигдөр нээлтээ хийсэн Азийн спортын XVI их
наадмын тэмцээн, уралдаанууд өнөөдрөөс эхэлж байна. Өчигдөр орой болсон
нээлтийн ажиллагаанд  оролцсон Монголын баг тамирчдын зургийг Гуанжоуд
ажиллаж буй спортын сэтгүүлчид манайд ирүүллээ. Гэрэл зургийг МҮОХ-ны
түнш, гэрэл зурагчин Yo Nagya  авчээ.Энэ удаагийн Азийн наадамд оролцож
буй Монголын баг тамирчдыг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын
буудлагын спортын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир ахлаж
байгаа бол Монголын багийн тугчийн эрхэм үүргийг олимпийн аварга
Н.Түвшинбаяр хүлээсэн юм.

БНХАУ-ын өмнөд хэсгийн Гуандун мужийн Гуанжоу хотноо болж буй Азийн XVI
спортын их наадамд шар тивийн 45 орны 9000 гаруй тамирчин спортын 42
төрлөөр 476 багц медалийн төлөө өрсөлдөхөөр Гуанжоу хотноо нэгэн хүсэл
мөрөөдлийн дор цуглаад байна.

Азийн спортын их наадмын нээлтийн ажиллагаа зохион байгуулагчдын зүгээс
амлаж байсанчлан дэлхий нийтийг алмайруулж, хойч үеийн Азийн наадмыг
зохион байгуулах хотуудын хувьд өндөр босго татлаа гэж онцлохоор байв.
“Цэцгийн хот” гэгддэг Гуанжоу хотыг бэлгэдэж, нээлтийн ёслолын ажиллагаа
бүхэлдээ цэцэг болоод усны гайхамшгийг мэдрүүлж байв. Хайсиньша аралд
ёслол төгөлдөр үргэлжилсэн нээлтийн ажиллагааг “Бээжин-2008” зуны
олимпийн нээлтийн ажиллагааны туслах найруулагчаар ажилласан Чень Вейяа
найруулсан тавьсан бөгөөд найруулгын шийдэл гайхалтай, үнэхээр онцлог,
өвөрмөц байлаа. Түүнчлэн нээлтийн ажиллагааны төгсгөлд уламжлал ёсоор
Азийн наадмын ариун галыг асаасан бөгөөд хэрхэн бадамлах нь эцсийн мөч
хүртэл нууц хэвээр байсан тэр агшин олны анхаарлыг эрхгүй татсан юм.
Галт бамбарыг асаах ёслол үргэлжид сонин хэвээр байдаг, харин энэ удаад
тун өвөрмөц байдлаар, Хятадын үндэсний шинжийг агуулсан луу бүхий галт
пуужингийн тусламжтайгаар Азийн наадмын галт бамбарыг өрдөн асаав.

С.Цэлмэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж