
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дэргэдэх Гомдол, мэдээлэл хүлээн авах төвд байрладаг 1969 утсаар мөн төрийн байгууллагын албан тушаалтнууд ажлын цагийг баримталдаггүй, ёс зүйгээ сахидаггүй, харилцааны соёлгүй ханддаг, аар саар шалтаг хэлж нааш цааш явуулж чирэгдүүлдэг гэсэн гомдол, мэдээлэл ирдэг. Шударга ёсыг эрэлхийлсэн иргэдийн энэ мэт хүсэл тэмүүлэл авлигаас урьдчилан сэргийлэх ажилд чухал хувь нэмрээ өгсөөр байна. Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл нэг бүрийг Авлигатай тэмцэх газар холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан үзэж, шийдвэрлэдэг юм. Тэдгээрийн нэг нь нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар дунд сургуулийн биеийн тамирын талбайд “Койнвол” ХХК хууль бусаар барилга барьж байгаа тухай гомдол байв. Иргэдийн мэдээллийн дагуу Авлигатай тэмцэх газар хяналт шалгалтын ажил явуулаад тус сургуульд биеийн тамирын талбайн зориулалтаар эзэмшүүлэхээр Нийслэлийн Засаг даргын 2008 онд гаргасан 464 дүгээр захирамж нь хууль зөрчсөнийг тогтоожээ.
Авлигын эсрэг хууль, Газрын тухай хуулийг зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 464 дүгээр захирамжаар “Койнвол” ХХК-д олгогдсон №0203954 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт хандсан байна. Хотын мээр асуудлыг ёсоор болгож, тус компаниар газрыг чөлөөлөн, нөхөн сэргээлгэх арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад даалгав. Авлигатай тэмцэх газрын 1969 дугаарын утсанд иргэд гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулсны үр дүнд 13 дугаар сургуулийн сурагчид биеийн тамирын талбайтайгаа үлдлээ.
Энэ мэтээр иргэдийн оролцоотойгоор авлигатай тэмцэх, түүний нийгмийн хор аюулаас урьдчилан сэргийлэх ажилд зарим ахиц гарсаар байна. Тиймээс Авлигатай тэмцэх газрын Гомдол, мэдээлэл хүлээн авах төвийн 1969 дугаарын утсанд төрийн албан хаагчийн хууль зөрчсөн үйлдлийн талаарх гомдол, мэдээллээ өгөх боломжтой юм байна.
Г.Дарь