Пакистан 700 сая ам.долларын татвар хураана

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Пакистан 700 сая ам.долларын татвар хураана

Пакистан улс өнгөрсөн зуны үерт нэрвэгдсэн иргэдэд туслах зорилгоор 700 сая ам.долларын татварыг хураах оны дунд хугацааны арга хэмжээг зарлаад байна.

Олон улсын тусламж хүсэхээс өмнө улсынхаа чинээлэг иргэдээс татвар хураах нь зүйтэй гэж үзсэн нь татвараа төлөөд удаагүй байгаа иргэдийн хувьд толгойны өвчин болоод байна. Тиймээс баячуудын дунд татвараас зайлсхийх, орлогоо нуун дарагдуулах үзэгдэл ихээхэн гарч байна гэж шүүмжлэгчид үзжээ.

Тус улсын сангийн сайд Абдул Хафиз Саихийн мэдэгдсэнээр үерийн гамшгийн хүрээнд авч буй арга хэмжээний хүрээнд иргэдээс хураах нэмэлт татварын хэмжээ 765 сая ам.долларт хүрэх бөгөөд энэ нь 2010-2011 оны санхүүгийн жилийн хураах татвараас хамаагүй их болж байна гэжээ.

Дээрх мөнгөний 470 саяыг зөвхөн орлогын албан татвар төлөгчдөөс бүрдүүлэх бөгөөд иргэд 2011 оны нэгээс зургаадугаар сард олох нийт орлогын арван хувийг татварт хураалгах ёстой болжээ.

Харин энэ асуудал дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлд, “Европ, АНУ болон бусад улсын татвар төлөгчийн оролцоогүй зөвхөн өөрийн улсын татвар төлөгчдийн мөнгөөр гамшигт өртсөн иргэдэд тусална гэдэг Пакистан улсын хувьд яагаад ч байж болшгүй зүйл” гэжээ.

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк үерийн хохирлын хэмжээг судалж үзээд 9.7 тэрбум ам.доллар гэж үнэлсэн байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж