Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” наадам зарлажээ. Энэхүү наадамд их, дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнууд сонин, телевиз, радиогийн нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн оролцох боломжтой аж.
Сэтгүүлзүйн салбарын шинэ цусаар сэлбэх, чадварлаг мэргэжилтэн бэлтгэн гаргах, ур чадварыг нь дээшлүүлэх зорилготой уг наадам жил бүр уламжлал болгон зохиогдохоор болсон байна.
Уралдаанд ирүүлэх бүтээл нь ярилцлага, тэмдэглэл, сурвалжлага, найруулга гээд бичлэгийн аль ч төрөл зүйлийг хамарч болох юм. Мөн хэн нэгний нэр хүндэд халдаагүй байх шаардлага тавьж байгаа аж.
Оролцогчдын бүтээлийг ирэх сарын 3-ныг хүртэл хүлээж авах ба 10-нд шилдгүүдийг шалгаруулах юм. Хамгийн шилдэг нэг бүтээлд гран при өргөмжлөл, 300.000 төгрөгийн шагнал олгоно. Мөн нийтлэл, телевиз, радио гэсэн ангилалд тус бүр гурван байр эзлүүлэх юм.
Н.Наран