“Хар хөлөг онгоцнууд” Японыг баруунд нээж өгөв

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

“Хар хөлөг онгоцнууд” Японыг баруунд нээж өгөв

Японы зуун жилийн тусгаарлалт Америкийн усан цэргийнхэн Токиогийн оршин суугчидтай бэлэг солилцсоноор төгсгөл болов.

Өдгөө Токиогийн гэж нэрлэх болсон булангаас гарч явсан Урага тосгоны загасчид хэдхэн цагийн дараа тэдний тайван тогтуун, тусгаарлагдсан ертөнц оршин тогтнохоо болино гэдгийг тэр үед мэдээгүй явсан байх. Хувь тавиланг өөрчилсан тэр эгшин 1853 оны долдугаар сарын 8-нд сайтар зэвсэглэсэн зургаан цэргийн хөлөг онгоц Японы усанд орж ирснээр эхэлсэн юм. Америкийн  байлдан дагуулах аяны албан ёсны түүхч Фрэнсис Хоксийн хэлснээр япон загасчид тэднийг хараад эхлээд зугтахаар оролдсон нь ”аюул гарахаар таран бутарч нисэх шувуун сүрэгтэй” адилхан байсан гэнэ.

Америкийн “Сускехана” гэх тэргүүн онгоцных нь өрөөнд алтан цацагт мөрдөстэй эр суух бөгөөд хөлгийнхан түүний Хөгшин баавгай гэж дуудна. Энэ бол Японы ба Зүүн Хятадын тэнгис дэхь Америкийн флотын командлагч командор Мэтью Колбрайт Перри юм. Мөн тэрээр Япон дахь АНУ-ын албан ёсны элч. Түүнд япончууд Америкийн флотыг дэмжин усанд осолдсон Японы усан цэргүүдэд туслахыг тус орны эрх баригчдаас хатуу шаардах үүрэг өгсөн юм. Мөн тэрээр япончуудаас тэдний усан боомтод орж хөлөгтөө завсар хийх, хоол хүнсний нөөцөө базаах болон бартерийн наймаа хийх зөвшөөрөл авах ёстой байж. Түүнийг ямар ч хамаагүй аргаар япончуудыг ятгах үүрэг өгсөн байв. Перри эргийн ойролцоо япончуудын хариуг хүлээж байхад япончууд сандралдаан Эдо хот руу мэдээ хүргүүлэв. Харийнхан цөмрөн орж ирснийг сонссон шёогүн дарангуйлагчийн хүрээнд томоохон маргаан дэгдэж олон нийтийн үймэлдэв.

Хоёр талын хэлэлцээр зуучлагчдаар дамжуулан маш болгоомжтой болж долдугаар сарын 14-нд харийнхныг хүлээн авахаар гоё асар босголоо. Эрэгт буух зөвшөөрөл авсан дэгжин дүрэмт хувцастай 300 усан цэрэг хөгжмийн дуун дор эрэгт марш хийж үзүүлэв.  Америкийн Засгийн газрын шаардлагыг танилцуулахад дөнгөж 20 минут зарцуулжээ. Перри гурав хоногийн дараа ирэх жилд олон хөлөг онгоцтой их бэлэгтэй ирнэ гэж амлаад буцав. Амлалтдаа үнэнч Перри 1854 оны хоёрдугаар сард есөн хөлөг онгоцтойгоор буцан ирэв. Япончууд Йокохама гэх жижиг сууринд тэднийг хүлээн авах танхим шиг байр шуурхай бэлтгэсэн байна. Хэлэлцээр гуравдугаар сарын 8-нд эхлэн тав хоногийн дараа оргил үедээ хүрэв. Бэлэг гардуулах ёслол эхлэн өндөр тушаалтан япон бүр цаг, сэлэм, буу, гар буу дээр нь таван галлон виски бэлэглэв. Дээд хүрээний төлөөлөгчид нь нэлээд сонирхолтой бэлэг хүртсэн байна. Жишээлбэл, жинхэнэ уурын тэрэгнээс дөрөв дахин бага зүтгүүрийг 105 метрын урттай, 46 сантиметрын өргөнтэй төмөр замын хамт дээр нь 4,8 километрийн урт утастай телеграцын аппарат, аврагч завь, янз бүрийн галт зэвсгийн бага зэргийн цуглуулга, шинэ лавлахууд болон төрөл бүрийн спиртын ундаа тэдэнд өгжээ. Хариуд нь япончууд хүрэл эдлэл, торго, лакан эдлэл, хулс, цаасаар хийсэн бэлэг дурсгалыг гардуулсан байна. Америкчууд сэтгэл дундуур байсан бололтой. Тэдний нэг нь “1000 долларын үнэ хүрэх хөгийн юмнууд өглөө. Манай галт тэрэг гэхэд л түүнээс дөрөв дахин илүү үнэтэй” гэж бичсэн байв. Харин тэдэнд 50 сумоч  хоёр сугандаа 100 килограммын шуудай цагаан будаа хавчуулан жагссан нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн аж. Зарим бөхчүүд шуудайтай будааг шүдэндээ зуун авчирч байжээ. Сумогийн үзүүлэх тоглолт нь Перрид хөгийн санагдаж, хариуд нь усан цэргийнхээ цэргийн сургуулийг үзүүлээд  усан онгоцноосоо буудаж сонирхуулсан аж. Зэвсгийн сүрийг үзүүлж тансаг хүлээн авалт хийлээ. Америкчууд японуудыг архиар ихээхэн шахав. Оргилуун дарс дууссаны дараа тэд пунш, мадейра, шерри, виски ууцгааж байв. Кетчуп ба уксусийн хольцоор тэдний дайлсан нь япончуудад таалагдсан гэнэ. Хэл ярианы саадаас болон төлөөлөгчид юу үзүүлж буйг зөвхөн тааж суужээ. Дайллагад оролцоогүй япон эмэгтэйчүүдийн төлөө өргөсөн хундага япончуудад хөгжилтэй сэтгэгдэл төрүүлж, офицерүүд нь самурай нартай вальс эргэж байсан нь усан цэргүүдэд хачин харагдсан гэдэг.

Энэ жүжгийн талаар япончууд ямар сэтгэгдэлтэй үлдсэн нь нууц хэвээр өнгөрсөн гэж болно.  Америкчуудын шахалтыг даалгүй япончууд дөрөв хоногийн дараа нь 12 заалттай найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсгээ зурсан байна.

Америкийн флот Японы далайд орж ирэв. Япончууд “хар хөлөг онгоц” гэж нэрлэсэн усан онгоцнуудаас эхлээнд айж зугтаж байв. Удалгүй тэд айдсаа даран америкчуудын зүг хөвж ирж уулзаж байжээ.

Шинэ ертөнц. Японы эрх баригчдад бэлэглэсэн бяцхан уурын зүтгүүр барууны техникийн ололтыг харуулах ёстой байв

Шийдэмгий дипломат. Японд суух Америкийн анхны консулыг Таунсенд Харрис гэдэг байжээ. 1856 онд тэрээр Японд ирэхэд нь шёогүн нар дургүйцэж байсан гэдэг

Америкийн хөлөг онгоцнууд Японы тэнгист зангуугаа хаяж байгаа нь. Япон зураач Токиогоос холгүй газрын буланд зангуугаа хаяж байгаа зургаан америк онгоцыг дүрсэлжээ. Перри Японы “хаалттай хаалгыг тогшсон” барууны анхны хүн биш. Гэхдээ тэр хаалгаар хөл тавьж хэлэлцээр хийж чадсан анхны хүн нь Перри байв.  

 
Улсаа баяжуулж, армиа бэхжүүл

ЯАГААД

Япон тийм удаан хаагдмал байв?

Арлын энэ орон гадаадын улс гүрэнтэй холбоо тогтоох бүрэн боломжтой байсан билээ. Барагцаалбал, 1500 жилийн өмнө япончууд Хятадын ёс заншил, гар урлалаас ихээхэн зүйлийг хуулбарлан авсан байна. Гэвч дараа нь Япон “хаалгаа” хаалаа. Хятадыг захирч байсан Монголын хаан XIII зуунд Японд нэвтрэхээр ирэхэд нь далайн хар шуурга тэдний хүчийг сарниулсан байна. Тэр хувь тохиол Японыг хаалттай байхын дуудлага ч болсон байж магадгүй.

Япончууд анх удаагаа 1543 онд  барууны хүнтэй нүүр тулав. Хоёр португал хүн далайн шуурганд дайрагдан Тангесима аралд авчирч тэд усан онгоцоо тэнд засварлажээ. Түүний дараа португалийн наймаачид ба иезуитууд (зорилгоо биелүүлэхийн тулд юунаас ч үл буцах католик шашны харгис байгууллага) шил дараалан Японд орж ирэв. Японд тэр цагт хүчтэй засаглал байгаагүй бөгөөд харийнхны урсгалд саад тавьж чадсангүй. Худалдаа наймаа хөгжиж, шашны даяанчид тус орныг христийн болгох хүсэлтэй байжээ.

XVI зууны 90-ээд оноос Португали Японтой харилцаагаа бэхжүүлэхээр даяанчдыг олноор илгээх болов. Тэдний араас Франц, Испанийн францисканчууд,  Англи, Голландын протестантууд цуварлаа. Улс орноо дөнгөж нэгтгээд байсан шёогүнүүд даяанчдын шинэ мөргөлөөс улс орныг нь харийнхан залгих гэж байна гэж болгоомжилжээ. Тэгээд тэд ард олондоо харийнхантай харьцаж, наймаа хийхийг хориглов. Зөвхөн голландчуудыг Нагасаки аралд амьдрахыг зөвшөөрсөн юм.

1639-1853 он хүртэл япончуудад харьд очих, харийн хөлөг онгоцнуудад Японд ирэхийг хориглосон байв.

Япончууд Европчуудад

ХЭРХЭН
хандаж байв?

Цэрэг-феодлын захирагч шёогүнүүд нь долоон зууны турш засгийн эрхэнд байхдаа эзэн хаанаа зайлуулалгүйгээр харин ч хааныхаа нэрийн өмнөөс улсаа удирдаж байлаа. Токугава “хуваан захир” гэсэн зарчмаар өөрийн байр суурийг бэхжүүлж ирэв. Шёогүнүүд бараг 250 орчим тоотой жижиг вант улсуудыг хянан ивээж, үлдсэн нь дайсагналцаж иржээ.

Европчууд гарч ирсэн нь тэдэнд шёогүнатын захиргаанаас хагацах найдлага төрүүлж, тэд зэр зэвсэг тэднээс авч, өөрсдийн хүмүүсийг суралцуулахаар нууцаар баруунд илгээж байв.

Хямрал 1867 онд Японд богино хугацааны иргэний дайн гарч эзэн хаант засаглалыг  өөрчлөхөд хүргэж эхлэв. Соён гэгээрсэн эзэн хаадын мейзи шинэ эрин эхлэн Япон дэлхийн улс орноос суралцан улс орноо бэхжүүлэх эрмэлзэлтэй болсон байна. 1871 онд анх удаагаа Японы төлөөлөгчид баруунд очин тэдний аж үйлдвэрийн гайхамшгийг үзэж гайхжээ.

ЯМАР
шинэ зүйлийг япончууд мэдэв?

Мэйзийг (соён гэгээрсэн засаглал) дагалдагчид шинэчлэлээс нэгдсэн татварын системтэй, бүх нийтийн боловсролтой, төмөр зам, телефон, телеграфын нэгдсэн сүлжээтэй, нэгдсэн хэм хэмжигдэхүүний нэгжтэй, нэгдмэл валюттай төв засаглалаа бэхжүүлэх аргыг олж харсан байна. Энэ нь үндэсний эв нэгдэлд хэрэгтэй байв. Самурайн уламжлалт сургалт эрс буурч европ маягийн их сургуулиуд үүсэн ирээдүйн дипломатууд, техникийн мэргэжилтнүүд, төрийн албан хаагчдыг бэлтгэж эхэлсэн байна.

Эх орноо баяжуулж, армиа бэхжүүл гэсэн зарчмын дагуу Засгийн газар нь өндөр хөгжилтэй орнуудад хандан аж үйлдвэр, зэр зэвсэглэлээ хөгжүүлэхэд тусламж хүсэв.  Усан флотын Английн тусламжтайгаар, армийг Францын тусламжтайгаар бий болгож байлаа. 1889 онд баталсан Үндсэн хуулийн зарчмаа Пруссээс хуулбарласан байв. Америк технологийн талд нь тусаллаа. Торго экспортын гол бүтээгдэхүүн болон орлого авчирч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь олон улсын үзэсгэлэнгийн шагнал авч байв.

Уламжлал эрс өөрчлөгдөн япончууд европ маягаар хувцаслах болов. Амьдрал нь ихээхэн өөрчлөгдөж Японы соёлыг шүтэгч европчууд энэхүү өвөрмөц соёл баруунд уусан алга болно хэмээн айж байв. Гэвч айх зүйл алга байв. Барууны даяанчдад мөргөл номнолоо явуулахыг зөвшөөрсөн ч япончууд түүнд татагдсангүй. Барууны инженерүүдэд эелдэг хандаж байсан ч гэрээний хугацаа дуусангуут нь “баяртай” гээд үднэ. Япончууд хэн нэгний хараат байх хүсэлгүй байлаа. 1910 он гэхэд инженерийн бүх хичээл их сургуулиуддаа заах болов.

XIX зууны наяад онд “иргэншлэл ба соён гэгээрэл” зарчим нь бүхий л салбарт нэвтэрсэн байжээ. Тэр нь зохицолдооныг дээдэлж, зэрэг дэвээ баримталсан хүлцэнгүй амгаланг эрхэмлэсэн зарчим байлаа. Япончууд барууныг сохроор дагахгүй гэж үзэж байсан. Өнөө ч тэр дорнын сэтгэлгээгээ барьж байдаг.

Япон үүдээ нээв. Япон баруунд худалдааны боомтуудаа нээсний дараа тэнд харийн орны хөлөг онгоцнууд дүүрчээ

Урагшаа. Уламжлалт тээврийнх нь оронд уурын галт тэрэг баруунаас ирлээ.

Уламжлал. Японы уламжлал хэвээр үлдэв. Жишээлбэл, гейша нарын хувцас. Харийн хүний эхнэр болсон япон эмэгтэйчүүдийг тэд буруутгадаг байлаа. Хуучин ба шинэ. Япончууд торгоо 1500 жилийн өмнөөс нэхэж ирсэн. Гэсэн ч тэдний үйлдвэрлэл барууны маягт орон нэхмэлчид нь том цехэд ажиллах болжээ.

ХЭЗЭЭ

Япон хүчирхэг гүрэн болсон бэ?

Мэйзийн шинэчлэгчдийн Засгийн газар юуны түрүүнд армийн зэвсэглэл, флотыг барууны маягаар хийх зорилт тавьсан юм. Хоккайдо арлыг тэд нэн түрүүнд эзлэн авлаа. Булаан эзлэгчид нь Солонгосын арлыг Японы зүрхэнд  чиглэсэн чичлүүр хутга гэж байв. Гэвч асуудалд 1894 он хүртэл ухаалгаар хандаж байсан нь Солонгосын ивээгч Хятадын сонирхлыг хүлээн зөвшөөрч байсантай холбоотой юм. Харин тэр үед хуучин зэр зэвсэгтэй Хятад Японтой өрсөлдөгч биш болсон байв. Хэдхэн сарын дотор хятадуудыг бут ниргээд Хоккайдог эзэлж цэргийн олз болгон дээр нь Формазу аралыг (одоогийн Тайвань) авч байжээ. 1900 онд Япон бусад орнуудын хамт Хятадын “боксчдын” гэх бослогыг дарахад оролцов. 1902 онд Их Британи Японыг хязгаарласан уламжит бодлогоосоо татгалзан тэднийг холбоотноо гэж зарласан юм. Тэр алхам нь дорнын хэрэгт оролцох францчуудын замыг хаах зорилготой байжээ. Үүнийг ашиглан япончууд Солонгосын хувь заяаг нэг мөр шийдэхээр Оростой дайтсан юм.1905 оны дайнд оросууд ялагдан Японд Солонгосын1910 онд эзлэн нэгтгэх сайхан боломж олгов. 1914 онд Номхон далай ба Хятад дахь Германы колонийг эзэлснийх нь төлөөх өшөөг Япон Британиас авсан юм. Хожим 1919 онд Япон дэлхийн таван их гүрний нэг гэгдэн Парисын энхийн бага хуралд оролцжээ.

Вашингтон хотноо болсон 1922 оны тэнгисийн цэргийн бага хурлаар Япон Номхон далайн баруун хэсгийг өөрийн нөлөөний бүс гэдгийг зөвшөөрүүлж чадсан юм. 1924 онд АНУ “дорнын” цагаачлалд хориг тавьсны дараа Япон АНУ-ыг тэгш түнш гэж үздэг эсэхэд нь эргэлзэж эхэлсэн байна.

Хүчирхэг арми. Генерал Ноги ба түүний жанжин штабын дарга нар 1904-1905 оны Орос-Японы дайнд өөрсдөө илүү гэдгээ харуулж чадсан юм. Япончууд Порт-Артурыг эзлэн Оросын усан флотыг бут ниргэжээ

Ирэзуми юу өгүүлнэ вэ?
Биендээ зураг зурах соёл эртний түүхэн сурвалжтай. Археологийн малтлагаар олдсон баримлуудаас шивээстэй хүмүүс МЭӨ V зуунд амьдарч байсан нь батлагдсан. Ирэзуми (тушээр шивэх) гэх Японы арьсан дээр шивэх урлаг нь шивээс эртнийх гэдгийг нотлоно. Шивээс анхандаа нийгмийн байдлын илэрхийлэл болж байв. Шивээсээр нь язгууртан эсвэл гэмт хэрэгтнүүдийг таньж болохоор байлаа. Гэмт хэрэгтнүүдийн биен дээр тухайн үед хүчээр зураас шивдэг байсан аж. Гэсэн ч тэд үйлдсэн нүглээ нуух гэж шивээсэн дээрээ элдэв зураг нэмж шивдэг болжээ. XVII зууны сүүлчээс шивээс жинхэнэ гоёл чимэглэл болон хувирч доод ангийнхны дунд ч газар авч эхлэв.

Хамгийн алдартай, ихээхэн дэлгэрсэн ирэзумийн зураг нь луу болсон байна. Биендээ луу шивүүлсэн хүн тэр үлгэрийн амьтны хүч чадлыг агуулна гэж ярьдаг байжээ. Хонгор зул цэцгийн хээ хатуужлыг, цээнэ цэцгийн хээ баян чинээлгийг, интоорын модны мөчрийн хэлхээс амьдрал хурдан дэвшихийг бэлгэддэг аж. Түүнчлэн тухайн хүний ажил мэргэжил, ертөнцийг үзэх үзэл, хүсэл мөрөөдлийг шивээснээс нь уншиж болдог гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж