”Оюунтай толгой”-н талаарх ойрхны бодол

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

”Оюунтай толгой”-н талаарх ойрхны бодол

“Өмнөговь Оюу толгойгоор хөгжих бол Дундговь “Оюунлаг толгой”-гоор хөгжих боломж байна” гэж энэ аймгийн Засаг дарга Д.Чандмань нэгэнтээ өгүүллээ. Үнэхээр зах зээлийн сул хөгжилтэй,  зам харилцаа ч тийм сайнгүй энэ аймаг “Оюунлаг толгой”-гоо  хөгжлийн хөшүүрэг болгох талаар тааруухан анхаарч ирсэн юм биш байгаа гэсэн бодол Засаг даргын дээрх үгнээс үүдэн төрсөн юм. Энгийн жишээнээс эхлэе. Ерээд оны дунд гэхэд дарга нарын чихийг дандаа халууцуулдаг, хэл ам тасардаггүй нэг ажил нь Мандалговийн халаалт дулаан байж. Гэтэл нутгийн уугуул О.Ганхуяг гэдэг залуу халаалт дулааны тэн хагасыг амлан авахаар аймгийн удирдлагад санал тавив. Удирдлага ч саналыг хүлээн авч төсвийн газруудын тэр жилийн нь халаалтын хөлснөөс 70 сая төгрөгийн урьдчилгаа өгсөн. Тэр залуу 13 жилийн өмнө Улаанбаатараас аймгаа зорин ирж  уурын хэд хэдэн зуухыг нам даралтын технологи бүхий зуухаар сольж ганцхан сарын дараа гэхэд халаалтыг эхлүүлсэн.  Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, Засаг даргын тамгын газар, тэр орчны орон сууц…гээд олон газар халуу дүүгэж эхлээд тэдний уурын зуухнууд  өнөө хүртэл ямар ч хэл амгүй, хаа нэгтээгээ доголдолгүй ажиллаж байна. Үүнийг баруунд боловсрол эзэмшиж, хэд хэдэн хэл чөлөөтэй эзэмшсэн, бизнесийн гүйх ухаантай  энэ залуу төрөлх нутагтаа оюунтай толгойнхоо эрдэм чадлыг зориулсны нэг жишээ гэхээс яахав. УИХ-ын гишүүнээр гурав дахин сонгогдсон Н.Тогтох гуай бас энэ нутгийнх. Аймагтаа дэд бүтцийн хөгжлийг авчрах, малчны хотонд гэрэл цахилгаан, харилцаа холбоог авчрах, ингэснээр цаг агаарын болзошгүй аюулын мэдээг малчин хүн өрсөж авах техникийн нөхцлийг бүрдүүлэхэд түүний эрдэм чадал их үүрэг гүйцэтгэсэн юм.   Өндөр хүчдэлийн дагуух өвөлжөө, хаваржаа руу нам хүчдэл буулган байнгын найдвартай эрчим хүчээр хангах,  цаг агаарын мэдээг урьдчилан хүргэх цогцолборыг аймгийнхаа нутаг дэвсгэрт байгуулах ажлыг эрдэмтэн Н.Тогтох гардан санаачилж туршин хэрэгжүүлсэн  билээ. Бас энд Ланганы Дааний гэж чадварлаг инженер бий. Түүний инженерийн төдийгүй эдийн засгийн сэтгэлгээг хүмүүс өндөр үнэлдэг. Ерээд оны сүүлчээр Л.Дааний аймгийн Засаг даргын тамгын газарт эдийн засаг, санхүүгийн асуудлыг хариуцаж байхдаа эдийн засгийг эрүүлжүүлэх, төсөв, мөнгөний бодлогыг зөв залж жолоодох  талаар санаачилгатай ажиллаж төсвийн биш эх үүсвэрийг түвэг багатай төвлөрүүлэн төрийн дээгүүр албан тушаалд /Засаг дарга, ИТХ-ын дарга, прокурор, ерөнхий шүүгч зэрэг/  сонгогдож томилогдон ажиллах  дарга нарын тухайн албыг хаших хугацаанд эзэмших дөрвөн айлын сууц бариулсан билээ. Энэ мэт жишээ олныг дурьдаж болох ч өөр баримт руу оръё.

    Саяхан тус аймаг Соёлын өдрүүдээ нийслэлд зохион байгуулсан. Ардын авьяастныг тодруулах, аймаг орон нутгаа сурталчлах сайхан л үйл явдал.  Хоёр концерт, хоёр жүжиг “Босгох” гэж хичнээн ч алдар цуутныг залж авчрав даа. Бүр оёдолчид, зураачдыг ч нийслэлээс залсан  гэлцдэг. Маш их зардал гарсан нь мэдээж. Аймагт тэр хэмжээнд концерт, жүжиг тавьчих хүн байгаа л даа. Сэтгэлгээтэй, зураач, оёдолчин ч  бий. Аймгийн сүлдийг зохиосон П.Отгонсүрэн Мандалговьд  бууриа сахиж үлдсэн ганц зураач. Тайзны зураачаар мэргэшсэн тэр хүнийг энэ мэт ажилд  дайчилж болох л байсан. Олон удаа “Гэгээн муза”-гийн тэргүүн шагнал  хүртсэн авьяастнуудаа хайхралгүй байсаар өөр аймаг, хот руу алдчихсан нь бас үнэн. Хүүхдийн жүжиг гэхэд гаднаас зохиол эрээд давхилдчихсан. “Босс Бооёо” хүүхдийн жүжиг нь аймгийн театрт тавигдаад улс орон даяар үнэлэгдсэн зохиолч Х.Шонхор гэж тайзны урлагийн зохиолоор нэрд гарсан  хүн аймагт байж л байгаа.

    Дундговьд төрж өссөн, ажиллаж амьдарч авьяас билэг нь тодорсон олон арван нэр цуутай хүмүүс амьдралын шаардлагаар хот орон луу шилжсэнийг буруутгах аргагүй. Нэгэнт авьяас билэг, эрдэм чадал нь орон даяар хүлээн зөвшөөрөгдсөн, амьдрал ахуй нь тэгширсэн тэдгээр хүмүүс эргээд төрөлх  нутагтаа элгэмсэг хандаж байгаад хэн бүхэн л баярладаг биз.     Гэхдээ тэд “Мөнгө хийх”, өөрсдийн бүтээлээ “Шахах” газар гэж төрөлх аймгаа хараад байх шиг. Тэр санааг хөхиүлэн дэмждэг, ашиг орлогоос хувь хишиг хүртдэг тодорхой албан тушаалтнууд бий болж ийм байдалд хүргэсэн нь нууц биш. Бод доо. Аймгаа сурталчилсан фото цомог гэхэд л олон арван сая төгрөгөөр бүтнэ. Түүнийг улс орон даяар хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн зурагчин биш, зүгээр нэг фото сонирхогч л аймагт “шахчихдаг”

Хэрвээ тэгэх байсан бол жаахан уран сайхны сэтгэлгээтэй, билгийн нүдтэй хүнд 3-4 сая төгрөгөөр мэргэжлийн фото аппарад аваад өгөхөд л хангалттай бүтэх ажил. Тэр аппарадаар хэдэн үе дамжуулан энэ мэт цомог, танилцуулга, самбар, үзүүлэнг мэргэжлийн фото зургаар гаргах боломж олно. Энэ мэт олон жишээ дурьдаж болно. Дундговиос төрсөн зохиолч, яруу найрагчдын бүтээлийн гурван боть эмхэтгэл, “Айраг” цогцолбороос аваад одоо бэлтгэгдэж байгаа гэх аймгийн “Нэвтэрхий толь”… гээд юү эсийг тоочиж барах вэ. Бүр аймгийн ЗДТГ Улаанбаатарт хүн хөлсөлж сониноо бэлтгүүлдэг бололтой. Ахмад сэтгүүлч П.Төмөрбаатар агсны олон жилийн хөдөлмөрөөр бүтсэн “Дундговь аймгийн толь”-ийг  энэ аймгийн гарвалтай гэх  нэг эрхэм Улаанбаатарт шинэчлэн бүтээж байгаа сураг дуулдах юм.  Энэ мэт түүхэн дорвитой бүтээл дээр ончтой сонгосон бүрэлдүүн бүхий редакцийн зөвлөл ажиллууштай.  Нэвтэрхий толь бичиг зохиох олон улсын жишиг ч гэж бий. Ийм бүтээлд  орох түүхэн хүмүүсийг гэхэд л ямар түвшнээс дээш алба хашсан, хүртсэн ямар гавьяа шагналаар зааглан  авч үзэхийг урьдчилан хатуу тогтоох ёстой. Эс тэгвээс иймэрхүү бүтээл араасаа нэлээд хэл ам дагуулдгийг ч санахад илүүдэхгүй.

Зөвхөн дээр жишээ болгосон хэдэн ажлыг мэргэжлийн түвшинд хийчих “Толгой” Дундговьд одоо ч гаднаас эрээд байлтгүй бий. Харин ч энэ мэт оюуны болон бүтээн байгуулалтын ажил дээр аймаг дотроо тендер зарлан шалгаруулдагсан бол хэд гурван иргэнийхээ амьдрал ахуйд нэмэр болж бага ч гэлээ мөнгө төгрөг  гадагшаа урсах биш дотроо эргэлдэх биш үү. Энэ далимд өгүүлэхэд мөнгөний урсгалыг гадагш чиглүүлж байгаа нэг үйлчилгээ нь хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ юм. “Хараацайн жигүүр” гэж гадны компани тус аймгийн Улаанбаатар-Мандалговийн зорчигч тээврийг олон жил дагналаа. Гэтэл аймгийн хэдэн арван фургон машин зорчигч хүлээн эгнэн зогссоор л байгаа. Эдгээр фургон машины эздийг эмхлэн зорчигч тээврийн компани байгуулах, хэдэн автобус лизингээр авч иргэдэд түрээсээр эзэмшүүлэх зэргээр зорчигч тээврийг аймагтаа авбал яасан юм бэ.  Бас л хэдэн хүний амьдралыг шийднэ. Өдөрт хэдэн саяар гадагш гарч буй мөнгөний урсгалыг аймаг дотроо тогтоон барих биш үү.

Одоо энэ аймагт тэр гэх сайн архитектор алга. Т.Гансүх, түүний хүү Г.Төрбат  гээд уран барилгын сэтгэлгээтэй, мэргэжлийн ур чадвартай инженерүүд хаа явна вэ. Лав л аймагтаа алга.

Эрчим хүний салбарт Ж.Шарав, нийтийн аж ахуйд Д.Хүрлээ, барилгад А.Бямбаа, ой мод үржүүлгийн чиглэлээр Ц.Бямбаа, сан техникт Н.Эрдэнэбат, дээр нэр дурьдсан Л.Дааний…гээд олон чадварлаг хүн ажилтай, ажилгүй л “Лааз өшиглөж” яваа. Байдал энэ хэвээр үргэлжилвээс “Оюунлаг толгой”-гоор хөгжих тухайд хоосон яриа л үлдэнэ.

“Оюунлаг толгой”-гоор хөгжих тухайд аймгийн Засаг дарга дэргэдээ “Инженерүүдийн зөвлөл” байгуулахаар шийдсэн нь эхлэл байж таарна. Цааш нь тэдгээр “Оюунлаг толгой”-нуудыг нийгмийн асуудлыг шийдвэрлэснээр орон нутагтаа татах, тогтоох боломж байна. Тэдэнд зориулсан орон сууцны цогцолбор хэрэгтэй. Тэдгээр “Оюунлаг толгойн” амьдралын хэрэгцээт унаа машин, орон сууцны төлбөрийг удаан хугацааны лизинд хамруулан аймгаас баталгаа гаргадаг байсан ч болмоор. Бүр “Оюунлаг толгой”-н хотхон байгуулсан ч яагаад болохгүй гэж. Тэнд нь нийгэм, ахуйн бүх үйлчилгээ, цэцэрлэг, сургууль, амралт, чөлөөт цагийн бүх байгууламж бий болгосон ч яадгийм. Олон улсын жишигт хүрсэн тохилог зочид буудал, дээд зэрэглэлийн ресторан, хоол үйлдвэрлэлийн нэрд гарсан сүлжээ, хувийн лицей сургууль, баклавр, магистр бэлтгэн гаргадаг хувийн дээд сургууль хэрэгтэй л байгаа биз дээ.  Тэдгээр “Оюунлаг толгой” оюун санааны хүрээнд, дэд бүтцийн салбарт, материалаг үйлдвэрлэлд гэхчилэн чиглэл чиглэлээр хөгжлийг түүчээлэгсэд байж таарна.
“Оюунлаг толгой”-н талаарх ойрхны бодлоо тэрлэхэд ийм буюу.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж