Нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Баянхонгор хотын дотор нийтийн тээврийн дунд оврын автобус хямд үнээр иргэдэд үйлчилж байна. 

Хүйтэн сэрүүний цагт сургуулийн хүүхдүүд болон ажил албандаа явж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ чухал байдаг. Сүүлийн жилүүдэд аймгийн төвийн хүн амын тоо нэмэгдэж, алс зайтай гэр хороолол бий болж байгаатай холбоотойгоор тогтмол цагт, тодорхой чиглэлд үйлчилдэг нийтийн тээврийн хэрэгслийн шаардлага зайлшгүй бий болоод байсан юм.

.Жилийн өмнөөс “Айсо” маркын автобуснууд  гурван чиглэлд хямд тарифаар аймгийн төвийн иргэдэдээ үйлчилж байна. Автобусны буудал, замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц зэргийг нийтийн тээврийн хэрэгслийн үйлчлэх стандартын дагуу шинэчлэн, үйлчилгээг иргэдэд ойр байх талаас анхаарч байна.

Одоогоор гурван автобус өглөөний 07:30-20:00 цаг хүртэл  том хүнд 200, хүүхдэд 100 төгрөгөөр үйлчилж байна. Мөн  орчин үеийн стандартад нийцсэн  автобусны буудал наймыг барьж ашиглалтанд оруулаад байгаа юм. 

Энэхүү ажлыг  аймгийн Засаг дарга Д.Амарсанаа санаачлан, орон нутагт хэрэгжиж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх” төслийн хүрээнд хэрэгжүүлжээ. Баянхонгор аймгийн Тээвэр, авто замын газар болон бусад холбогдох байгууллагууд гэр хорооллыг дэмжих төслийн баг хамтран байгуулсан автобусны буудал тус бүр нь сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Цаашид үйлчилгээний автобус болон зогсоол буудлын тоог нэмэх зорилготой байгаа талаар аймгийн Тээвэр, авто замын газраас мэдээлж байгаа юм.

Ийнхүү нийтийн тээврийн үйлчилгээ орон нутагт бий болсноор  урьд нь нэг км газарт 700 төгрөг, хотын төв замд явахад 300 төгрөгөөр   үйлчлүүлж байсан иргэд хямд өртгөөр чиглэлийн унаанд зорчих боллоо.

Дашрамд дурдахад, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд том оворын 18 автобус болон 40 гаруй пургон авто машин үйлчилгээнд явдаг байна.

Б.Батгэрэл

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж