
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн тухай, Хүний хөгжил сангийн тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Дахин тодотгон оруулж ирсэн дээрх нэгдсэн төсөлд төсвийн нийт орлогыг гурван их наяд 284.2 тэрбум, төсвийн нийт зарлага гурван их наяд 955 тэрбум төгрөг, харин нэгдсэн төсвийн нийт алдагдал 690.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 8.6 хувь орчим байхаар тооцсон байна. Харин өмнөх нэгдсэн төсвийн төсөлд улсын нэгдсэн төсвийн нийт орлогыг гурван их наяд 56.8 тэрбум, төсвийн нийт зарлага гурван их наяд 250.7 тэрбум, нэгдсэн төсвийн нийт алдагдал 193.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувь байхаар төсөлд тусгасан байсан ч, УИХ дахь намын бүлгүүд, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаануудаас тус бүр энэхүү төсвийг татаж авах ёстой гэж үзсэнээр Засгийн газар түүнийгээ буцааж татаад байсан юм.
Засгийн газрын дахин тодотгон оруулж ирсэн нэгдсэн төсөвтэй холбогдуулж гишүүд асуулт тавьж, Сангийн сайдаас хариулт авч байна.
Г.Дарь