Жое Бартон уучлал хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Жое Бартон уучлал хүсэв

Английн Премьер лигийн “Ньюкастл” багийн тоглогч Жое Бартон “Сейнт Жеймс Парк”-т болсон тоглолтын үеэр талбайд байж боломгүй бүдүүлэг авир гаргаж, өрсөлдөгийн багийн тоглогч Мортен Гамст Педерсенийг цохисныхоо төлөө “Блэкбурн”-ы тоглогчоос уучлал хүсчээ. Хагас хамгаалагчийн байрлалд тоглодог Бартон дээрх үйлдлийнхээ төлөө лигийн гурван тоглолт өнжих шийтгэл хүлээсэн юм. Ингэснээр тэрбээр “Фулхэм”, “Болтон” болон “Челси”-гийн эсрэг хийх тоглолтыг үзэгчийн суудалд өнгөрүүлнэ.

Бартон зүй бус үйлдэлдээ албан ёсоор уучлал хүсч, “Би багийн дасгалжуулагч Крис Хьютон, багийн анд нөхөд, хөгжөөн дэмжигчид болоод мэдээж хэрэг Мортен Гамст Педерсен, Блэкбурны хамт олноос уучлал хүсч байна. Энэ явдалд би том алдаа гаргасан, үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Хөлбөмбөгийн холбооноос миний эсрэг арга хэмжээ авсныг бүрэн ойлгож байна. Бүдүүлэг авир гаргасандаа үнэхээр харамсч байна” гэжээ.

Английн шигшээг төлөөлж, нэг тоглолтод оролцож байсан Бартон өмнө нь хэд хэдэн удаа хэрэгт холбогдож байжээ. Тэрбээр Франц хагас хамгаалагч Усман Даботой хамт “Манчестер Сити”-д тоглож байхдаа түүнийг цохиж, бүдүүлэг авирлаж байсан бол 2008 онд мөн л ижил төрлийн хэргээр зургаан сар хоригдож байсан аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж