Супер гүрнүүдийн сөргөлдөх талбар-4

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Супер гүрнүүдийн сөргөлдөх талбар-4

Япончууд өмнө зүгтээ маргаанаа шийдэж амжаагүй байтал умард хөрш болох Орос ийнхүү Курилийн арлуудыг өмчирхсөн нь ямар­таа ч одоогоор хоёр улсын гадаад харилцаанд “цанталт” өгчихөөд байгаа юм.

Бүтэлгүйтлийн манан дахь Япон

Энэ долоо хоногийн эхний өдрөөс л Мандах нарын орныг дипломат харилцааны таагүй цаг агаарын бараан үүл дахин бүрхэж эхлэв. Японы төрийн тэргүүн нарын зүгээс удаа дараа болиулахыг оролдсоор байсан боловч ОХУ-ын ерөн­хийлөгч Димитрий Медведев хоёр орны хооронд газар нут­гийн маргаан дэгдээгээд байгаа Курилийн арлууд дээр зочилсон байна. Энэ арлууд дээр амьдарсаар нэгэн жарныг өнгөрөөж байгаа өнөөгийн оршин суугч иргэдтэйгээ Оро­сын ерөнхийлөгч уулзах үеэрээ тэдэнд байр, орон сууц, сургууль барьж өгөх тухай ярин “манай хүүхдүүд энд өсөх тул сургууль нэн чухал” гэж онцолсон аж. Нэг үгээр хэлбэл Курилийн арлуудыг Оросын газар нутаг бөгөөд цаашид ч ийм байна гэж тунхаглачихаад яваад өгөв.

Ингэснээр Японы одоогийн засгийн газар дэлхийн бас нэг том гүрнээс ээлжит “цохдолт” амсаж байгаа нь энэ юм. Ингэж гадаад харилцаандаа байн байн ялагдал хүлээгээд байгаагийн гол шалтгааныг одоо­гийн эрх баригч нам буюу Японы Ардчилсан на­мын лидерүүд улстөр, тэр дундаа геополитикийн талаар туршлага муутай байгаагийх гэсэн шүүмж олонтаа сон­сог­дож эхэллээ. Оросын ерөнхийлөгч Медведевийн Кури­лийн арлуудад хийсэн айчлалын дараахан Японы одоо­гийн засгийн газар элдэв шүүмжлэлд ёстой л сий­чүүлж өгсөн байна. Гадаад харил­цааны талбар дээр удаа дараа ялагдал хүлээгээд байгаа энэ засгийн газрын тэргүүн Наото Каны чансаа 40 хувиар унасан нь үүнийг гэрчилнэ. Одоогийн эрх баригчид сонгуулийнхаа гол амлалтуудын нэгэн болох улс орныхоо нутаг  дэвсгэрээс АНУ-ын цэргийн баазыг гаргах асуудлаас болж олон жил нөхөрлөсөн гайгүй сайн түнш­тэйгээ “харгалдаад” авс­наар бүтэлгүйтлийн эхлэл та­вигд­сан билээ. Эцэст нь америк цэр­гүүд арал дээрээ үлдэж, японы шинэ эрх баригчид нэг ерөнхий сайдаасаа салав.

“Нэг бүдрэхээрээ долоо тавар­цаглана” гэгчээр япон­чууд тун удалгүй бас нэг том гүрэнтэй нудралцаад авсан нь тэднийг эдийн засгийн хэмжээгээрээ ардаа оруулж дөнгөсөн Хятад улс байлаа. Хятадын загасчдын онгоцыг японы харуулын онгоц саа­туулснаас болж эхэлсэн мар­гаан одоо ч дуусаагүй бөгөөд улмаар газар нутгийн маргаанд хүрээд байна. Одоогоор Хятад нь АНУ-ын оронд Японы хамгийн том худалдааны түнш болсон тул Санкэку хэмээх арлын төлөөх тэмцэл, зөрчил япончуудад хүнд тусч мэдэхээр болоод байгаа юм. Тиймээс харилцаагаа сайжруулах бо­лом­жийг хайж хоёр орны засаглалын удирдлагууд болох Веэнь Зябао,Наото Кан нарын уулзалтыг төлөвлөж байсан ч бас л бүтсэнгүй. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хя­тадууд гэнэт энэ уулзалтыг хийх боломжгүй хэмээн мэдэгд­сэн байна.

Япончууд өмнө зүгтээ маргаанаа шийдэж амжаагүй байтал умард хөрш болох Орос ийнхүү Курилийн арлуудыг өмчирхсөн нь ямар­таа ч одоогоор хоёр улсын гадаад харилцаанд “цанталт” өгчихөөд байгаа юм. Орос улс Японтой эдийн засгийн хувьд төдий л өргөн харилцаа байхгүй нь магадгүй Оросын талаас ийн хүйтэн хандахад нөлөөлсөн байх талтай гэж зарим шинжээчид таамаглаж эхлэв. Энэ нь ч бас үндэстэй. Өнгөрсөн оны дүн мэдээгээр бол ОХУ-д орж байгаа японы экспортын хэмжээ 5 тэрбум орчим ам.доллартай тэнцэж байгаа нь Японоос Хятадад гаргаж байгаа экспортын 2 хувьд ч хүрэхгүй байгаа аж. Тэгвэл Оросоос Япон руу гаргаж байгаа экспортын хэм­жээ японы нийт импортын 1.6 хувь л болж байгаа юм.

Хэрүүлийн алим….

Оросоор өмнөд Курилийн арлууд гэгдэх Итуруп, Ку­нашир, Шикотан болон Хабомай хэмээгдэх дөрвөн арлыг япончууд Хойд нутаг хэмээн нэрийдэж иржээ. Энэ арлуудын өмчлөлтэй хол­боотой асуудал аль 19-р зууны сүүлээр бий болсон түүхтэй юм. 1855 онд Орос Японы хооронд дипломат харилцаа тогтоож улмаар одоо маргаан тариад байгаа арлуудыг Японы эзэмшилд өгч харин Курилийн бусад хэсгийг Орост үлдээжээ. Үүнээс 20 жилийн дараа Петербург хотноо байгуулсан гэрээгээр Сахалины арлыг Орост өгч харин Курилийг бүхэлд нь Японд өгсөн байна.

Ингэж явсаар Дэлхийн II дайны дараагаар Улаан армийн эзлэн авсан Японы хойд нутгийн буюу Курилийн дөрвөн арлаас Зөвлөлт засаг­лал иргэдийг нь нүүлгэн гар­гаад өөрийн иргэдээ  суурь­шуул­сан юм. Үүнээс хойш ч асуудлыг янз бүрээр тавьж байснаас нь онцолбол 1956 оны тунхаг байна. Энэ нь ЗХУ, Япон хоёрын хооронд дайн дуус­сан тухай тунхагласан бөгөөд энэ үеэр Курилийн арлуу­даас хоёрыг нь Японд буцааж өгөх болмжийг Моск­ва япончуудад олгосон гэдэг. Гэвч япончууд дөрвөн арлыг дөрвүүлэнг нь авна гэж зүтгэснээр асуудал хаагджээ. Энэ цагаас хойш Япон эдгээр арлуу­дыг эргүүлж авахаар чар­майж байсан ч амжилт олсонгүй.

Курилийн арал нь загасны аж ахуйн маш том нөөц бүхий усан сангаар хүрээлэгдсэн тул да­лайн гарлтай хүнсний өргөн хэрэглээтэй Японы хувьд эргүүлэн авбал хүнсний чухал тулгуур бааз болох магадлалтай гэнэ. Мөн Кури­лийн орчимд Оросын нефть болон байгалийн хийн томоо­хон нөөц байршиж байгаа нь ч мөн Японы эдийн засгийн со­нирх­лыг татаад байгаа бололтой.

Эпилог

Энэ бүх маргаан асуудлыг эргэцүүлж харахад нэг бодол эрхгүй төрнө. Дэлхийн II дайнд ялагдсанаар геополи­тикийн хүч нөлөөгөө хамгийн ихээр алдсан хоёр орон нь Япон болоод Герман байлаа. Гэвч Герман нь өдгөө Европын холбооны нөлөө бүхий улсын нэг нь болтлоо нэр хүнд, нөлөөллөө сэргээж чадсаны дээр үзэл суртлын хоёр өөр лагерьт хуваагдсан нутаг ор­ноо сэргээснээр олон улсын тавцанд хэдийнээ хүндлэгдэх болсон юм. Ингээд зогсохгүй Герман улс саяхан Франц болон Оростой гурвалсан хэл­цэл хийж бие даасан бодлого явуулж эхэлсэн нь нэгэн үе гол түшиг тулгуур нь болж байсан АНУ-ыг ч гайхашралд оруулж байв.

Гэтэл Японы хувьд тийм байсангүй. Тэдэнд Германтай адилаар бүс нутагтаа тулгуур болохуйц түншлэлийн холбоо бараг байхгүй  Харин ч эсрэ­гээрээ, эргэн тойронд нь нэг бол дайсан, нэг бол өрсөлдөгч л байдаг болжээ. Нэгэн үе эдийн засгийн болоод технологийн хөгжлөөрөө гайхагдаж байсан энэ орон одоо харилцаа, хамтын ажиллагааны жинхэнэ түншлэлийг үгүйлж байж ч магадгүй юм. Зөвхөн эдийн засгийн буюу нэг л чиглэлийн хөгжлийг түшиж оршин тогтнох нь учир дутагдалтай гэдгийг Японы жишээ ха­руулж байх шиг санагдана. Магадгүй дайны ялагдлын дараа улстөрийн нөлөөллөө сайжруулах гэхээсээ илүү даруухан “нуугдаж”, тэгэхдээ шургуу хөдөлмөрлөх арга замыг л хөөсөн тэдний хувьд өдгөө бодож тунгаах олон зүйл гарч ирсний нэг нь гадаад бодлогын хүчтэй түншлэл олох асуудал болж байх шив. Нэг талаасаа даяаршсан гэгддэг ч даяаршсан эв нэгдэл гэдгийг хараахан тогтоож чадаагүй өнөөгийн геополитикт үүнээс чухал зүйл байхгүй бололтой.

 Гэвч одоогоор Мандах нарны арлын орчимд манантай л байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж