“АС Милан” Сери А-г тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

“АС Милан” Сери А-г тэргүүлж эхэллээ

Италийн хөлбөмбөгийн топ дивизон Сери А лигийн 11-р тойргийн үлдсэн тоглолтууд өчигдөр болж өнгөрлөө. Лигийн шилдгүүдийн нэг “АС Милан” энэ тойрогт “Палермо”-г Сан Сиро цэнгэлдэхдээ хүлээн авч, 3:1 харьцаатай хожсоноор 23 оноотой болж, улирал эхэлснээс хойш анх удаагаа хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Харин тэднээс өмнө лигийг тэргүүлж байсан “Лацио” лигт шинээр хөл тавьсан “Чезена”-д 1:0-ээр ялагдсанаар тэргүүлэгчийн байраа алдаж, хүснэгтийн хоёрдугаар байр руу ухарчээ.

“АС Милан”-аас Пато тооны харьцааг нээсэн боловч удалгүй Сицилийн багийн Армин Бачинович тэнцээний гоолыг оруулсан байна. Харин дараа нь Златан Ибрагимович торгуулийн цохилтоор тооны харьцааг холдуулж, Робиньо тоглолтын төгсгөл үед гоолдсоноор “Аззури” ялалт байгуулжээ. Тэдний баяр зөвхөн ялалтаар өндөрлөсөнгүй, тэдэнтэй нэг хотын баг, мөнхийн өрсөлдөгчид болох “Интер Милан” “Лечче”-тэй 1:1 харьцаатай тэнцсэнээр хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэх болсон юм. Тоглолтын 76 дахь минутад Диего Милито улирлын ердөө гурав дахь гоолоо оруулсан бол өрсөлдөгч багаас Уругвай тоглогч Рубен Оливера тэнцээний бөмбөгийг оруулжээ.

Харин “Наполи” энэ тойрогт Аргентин довтлогч Эсекьель Лавессигийн нэмэлт цагт оруулсан гоолын ачаар “Кальяри”-г 1:0-ээр хожиж, Сери А лигийн хүснэгтэд “Интер”-ийн урд эрэмбэлэгдэв.
Хүснэгтийг тэргүүлж байсан “Лацио”-гийн тухайд хоёр дахиа дараалан ялагдал амссан. Өнгөрсөн долоо хоногт нийслэл хотын дербид “Рома”-д хожигдсон тэд энэ удаад тоглолт өндөрлөхөөс тавхан минутын өмнө хаалгандаа гоол алдсанаар “Чезена”-д хожигджээ. Гоолын эзэн нь Марко Пароло байв.

Турин хотын хүчирхэг баг “Ювентус” өнгөрсөн шөнийн тоглолтод “Брешия”-тай 1:1 харьцаатай тэнцсэнээр 19 оноотой болж, хүснэгтийн тавдугаар эгнээг эзэлж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж