Домогт Гебреселассие зодог тайлахгүй ч байж магад

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

Домогт Гебреселассие зодог тайлахгүй ч байж магад

Марафон гүйлтийн төрөлд ноёрхлоо тогтоож чадсан Этопын домогт марафонч Хайле Гебреселассие хөнгөн атлетикийн спортоо орхих тухай бодлоо өөрчилж магадгүй тухайгаа мэдэгджээ. Өдгөө 37 настай тэрбээр өнгөрөгч ням гаригт болсон Нью-Йоркийн марафон уралдааны үеэр 25 гаруй км зам туулсныхаа дараа өвдөгний гэмтлийн улмаас уралдааны талбарыг орхиж, улмаар их спортоо орхих бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. 2012 оны Лондонгийн олимпийн наадамд уралдахыг нь хүлээж байсан олон нийтийн хувьд түүний энэ шийдвэр дэндүү гэнэтийн байлаа. Тэрбээр 10 мянган метрийн гүйлтийн төрөлд олимпийн хошой аварга бөгөөд өдгөө марафоны төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшиж буй шилдэг тамирчин билээ.
Ямартай ч Гебреселассие зодог тайлах шийдвэрийнхээ талаар дахин бодож үзэх болно гэдгээ мэдэгдсэн байна. Twitter дэх блогтоо тэрбээр “Олон зүйлийн тухай тунгаан бодох цаг ирлээ. Би гүйх дуртай хэвээрээ байгаа, цаашид ч гүйсээр байх болно. Энэ тухай сайтар бодох болно” хэмээн бичжээ.

10 мянган метрийн гүйлтийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Гебреселассия харьцангуй сүүлд марафон гүйлтэд хүч сорих болсон бөгөөд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг ч гэсэн томоохон уралдаан, тэмцээнээс түрүү аваагүй байгаа. Тэгэхээр Гебреселассие энэ мөрөөдлөө биелүүлсэн цагтаа л их спортоо орхих бололтой.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж