Европын комисстой хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

Европын комисстой хамтран ажиллана

Европын Комиссоос Монгол Улстай 2011-2013 онд явуулах хамтын ажиллагааны хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд С.Баярцогт, Европын Комиссыг төлөөлж Европын Комиссын Бээжин дэх Төлөөлөгчийн газрын орлогч дарга ноён Майкл Пульш нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Төрийн ордонд болсон уг арга хэмжээнд мөн Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран ажиллаж байгаа Элчин сайд нар оролцов.  2011-2013 оны ОЖБХ-ийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрт зориулж жилд 5 сая евро нэмж зарцуулахаар төлөвлөсөн ба ингэснээр Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн хэмжээгээ 2007-2011 оны үеийнхээс  40%-иар нэмэгдүүлж байгаа юм.    Өнөөдөр Санамж бичгийн дагуу 2011-2013 онуудад нийт 15,0 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор тохиролцлоо. Энэхүү хөрөнгийн 7,0 сая еврог хөдөө, орон нутгийн техник, мэргэжлийн сургалтыг дэмжсэн арга хэмжээнд, 8,0 сая еврог Европын түгээмэл стандарт, хэм хэмжээг Монгол Улсад нэвтрүүлэх зорилтын хүрээнд албан хаагчдын чадавхийг бэхжүүлэхэд тус тус зориулах болно.
Европын Комисс нь Монгол Улстай 2007-2013 онуудад хамтран ажиллах стратегийн баримт бичгийн хүрээнд 2007-2010 онуудад Монгол Улсад нийт 14,0 сая еврогийн санхүүжилт олгосон. Үүний 10,0 сая евроор Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа” төслийн хоёрдугаар үе шатны төслийг санхүүжүүлсэн. 4,0 сая еврог Жижиг, дунд үйлдвэрлэлийн чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн, Европын Комисс нь дээрх хугацаанд бусад сэдэвчилсэн хөтөлбөрүүдээрээ дамжуулан нийт 13,0 сая еврогийн нэмэлт хөрөнгийг Монгол Улсад олгоод байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж