
Испанийн шигшээ багийн хагас хамгаалагч Рубен де ла Рэд хөлбөмбөгийн спортоос зодог тайлж буйгаа албан ёсоор зарлажээ. Өдгөө 25 настай залуу хөлбөмбөгч зүрхний согогтой гэдэг нь эртнээс мэдэгдэж байсан ч эмчилгээ хийлгэсээр өдийг хүрчээ. 2008 онд Испанийн эзэн хааны цомын тэмцээний үеэр Де ла Рэд талбай дээр ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэнээр зүрхний өвчин нь анх илэрчээ. Тэр цагаас хойш “Реал Мадрид”-ын бүрэлдэхүүнд тоглолт хийлгүй эмчилгээнд хамрагдан талбайд гарах найдлагаа тээсээр ирсэн ч өвчин нь нэгэнт эдгэрэхгүй гэдэг нь тодорхой болжээ. Улмаар “Реал Мадрид” тоглогчтой байгуулсан гэрээгээ энэ оны нэгдүгээр сард цуцалсан ч Де ла Рэдтэй хамтарч ажиллаж байсан бөгөөд цаашид тэрбээр “Реал”-ын залуучуудын багийн дасгалжуулагчаар ажиллахаар болжээ. Де ла Рэд Испанийн шигшээ багт 2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан юм.