Монгол орон хоёр зуу гаруй жил харь гүрний эрхшээлд байсан ч түүх соёлоо хадгалан уламжлуулж, газар нутгаа бүрэн бүтнээр нь авч ирсэн билээ. Манжууд Монголчуудыг оюуны соёлын хувьд аль болохоор хоцрогдмол бүдүүлэг байлгахыг хичээж байсан ч Монголчуудын эрх чөлөөний төлөөх тэмцлийг хазаарлан зогсоож чадаагүй юм. Хувьсгалт улсын ард түмнийг шинэ үзэл санаа руу уриалан дуудаж сэнхрүүлэхэд зурагт хуудасны үүрэг онцгой чухал байв. Тиймдээ ч энэ үед зураачид олон мянган зурагт хуудас зурж ард түмнээ сэнхрүүлж байжээ. Энэ түүхийг өгүүлэх нэгэн номын нээлт өчигдөр Үндэсний түүхийн музейд болсон юм. Номын нэр нь “Монголын зурагт хуудас”. 1920-1990 оны түүхэн үйл явдлыг харуулсан энэхүү номыг Соёлын гавьяат зүтгэлтэн, Урлаг судлалын ухааны доктор, профессор Ж.Саруулбуян, МУБИС-ийн багш Ц.Эрдэнэцог нар бүтээжээ. Номонд Я.Үржнээгийн 1979 онд зурсан “Тавтай морилно уу”, Б.Гомбосүрэнгийн “Интеркосмос 81”, Ч.Гунгаасүхийн “Траветта” дуурь, “Хунт нуур” бүжгэн жүжиг, П.Цогзол “Түмний нэг”, “Нар хиртсэн жил” зэрэг олон сонирхолтой зурагнууд багтсан байна. Түүнчлэн энэхүү ном нь судалгааны олон бүтээл орсноороо онцлог гэсэн. “Энэ номонд орсон зурагнууд бүгд эх хувилбараасаа татагдсан. Яагаад гэвэл дээр үед зураачид зурагт хуудас бүрийг өөрийн гараар зурдаг байсан. Тиймээс “Монголын зурагт хуудас” номонд орсон зурагнууд бүгд зураачийн эх хувилбараас татагдсан” хэмээн номыг зохиогчид хуучилж байсан юм.