
УИХ-ын намрын чуулган хуралдсан өнгөрсөн дөрвөн сар гаруйн хугацаанд
Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо нь
ихээхэн ачаалалтай ажилласан бөгөөд хамгийн чухал хуулиудыг батлахад
голлох үүрэгтэй ажилласан гэж дүгнэлээ. Тодруулбал, энэ сарын 2-нд
УИХ-аас баталсан Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль үүнд
хамаарна. Мөн Хүний хөгжлийн сангийн тухай хууль, Нийгмийн даатгалын
сангийн тухай хуулиуд багтаж байна. УИХ-ын хаврын чуулган руу шилжин,
шийдлээ хүлээж буй хуулийн төслүүд олон байгааг онцолсон. Эрүүл мэндийн
тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн
төслүүд болно. Дээрх хуулийн төслүүдийг чамбайруулахын тулд чуулганы
завсарлагааны хугацаанд 1000 эмч оролцуулсан чуулга уулзалтыг
Улаанбаатар хотноо зохион байгуулж тэдний санаа бодлыг сонсоно. Мөн
байнгын хороонд Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
харьяалагддаг бөгөөд сүүлийн саруудад хэвлэл мэдээллийн хэрэгслээр
цацагдаж байгаа мэдээлэл, иргэдээс ирүүлж буй гомдолд үндэслэн түүхий
дурсгалт газруудад ажиллахаар төлөвлөжээ. Иргэдээс ирүүлж байгаа гомдлын
дийлэнх хэсэг уул уурхайн компаниуд олборлолт явуулах нэрийн дор
түүхийн дурсгалт газруудыг сүйтгэж эхэлсэн тухай зонхилох болсон. Мөн
гадаад руу хил гаалиар хууль бусаар түүхийн дурсгалт олдворуудыг гаргаж
байна гэсэн мэдээлэл ихээхэн цацагдаж буй тул энэ чиглэлээр байнгын
хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон гэсэн юм.
Г.Дарь