
Одоогийн байдлаар Фернандо Алонсо 246 оноотой, Марк Уэббэр 238, Себастьян Веттэль 231, Льюис Хэмилтон 222 оноотой явж байна. Эндээс харахад онолын хувьд Веттель,, Хэмилтон нарт боломж байгаа мэт боловч Алонсо, Уэббэр нар хоорондоо мөргөлдөж, хоёул замаас гарсан тохиолдолд л тэдний боломж нээлттэй болно. Нэг ёсондоо оноо аваагүй үед. Гэвч ийм зүйл бараг болохгүй биз.
Тэгэхээр гол өрсөлдөөн Марк Уэббэр, Алонсо нарын хооронд өрнөх учиртай. Гэхдээ давуу тал Red Bull-д байх магадлалтай, зарим хүмүүс Red Bull-ын машин Яс Маринад тохирохгүй гэж байгааг эс тооцвол. Тэд энэ оны уралдааны бараг бүх байрлал тогтоох гарааг авсан гэхэд хилсдэхгүй. Марк Уэббэр биш юм аа гэхэд Веттель.
Ингэсэн тохиолдолд Ferrari-гийн болидоос илүү хурдтай Red Bull амжилтаа хадгалаад байх боломжтой. Тэгэхээр Алонсогийн хувьд бямба гариг буюу байрлал тогтоох гараа болоод ням гаригийн уралдааны эхний зурвас буюу гараа маш чухал болж таарч байна.
Хэрэв тэр байрлал тогтоох гараанд өмнөө Red Bull-ын нисгэгчдийг алдвал байдал маш хүнд болно. Нэгэнт аварга авахгүй нь ойлгомжтой болсон Веттель түүнийг хааж уралдах магадлалтай бөгөөд Марк Уэббэрт үүнийг ашиглах боломж гаргаж л таарна. Хэрэв Веттель тэргүүн эгнээнээс уралдааныг эхлүүлэх болбол эхний эргэлт дээр л Алонсог шахаж, Уэббэрийг өмнөө гаргах биз. Ferrari-гийн Масса 2007 онд Кимиг ингэж гаргаж байсан санагдана.
Тэгэхээр бямба гаригт Алонсогийн хувьд болоод Red Bull-ынхны хувьд ямар чухал вэ гэдэг нь харагдаж байна. Гэхдээ Red Bull-ын зүгээс багийн тактик хэрэглэнэ гэдэг хардлагыг эрс няцааж байгаа ч бид хэрэглэнэ гэж байгаад хэрэглэхгүй нь лавтай.
Алонсо Уэббэр нарын сүүлийн зургаан уралдааныг харьцуулахад, Алонсо Бельгид замаа дуусгалгүй гарснаасаа хойш таван уралдаан дараалан шагналын тавцанд гарахдаа гуравт нь тэргүүлжээ. Харин Уэббэрийн хувьд Өмнөд Солонгост жолоодлого алдан Росбергийн хамтаар замаас гарч, Италид зургаад орсныг эс тооцвол мөн шагналын тавцанд байр эзэлсээр байсан байна.
Моторын хувьд Алонсо, Уэббэр нарт хэн нэгэнд нь илүү давуу тал байхгүй бололтой. Аль алинд нь уралдааныг дуусгах боломж, нөөцтэй мотор байгаа гэнэ.
Масса хэрэв энэ удаад арын эгнээний нисгэгч болоогүйсэн бол Алонсог хамгаалах Масса, Уэббэрт туслах Веттель гэсэн сонирхолтой, үзүүштэй өрсөлдөөн биднийг хүлээх байлаа. Харин одоо Алонсо, Уэббэр, Хэмилтон, Веттелийн эсрэг ганцаараа.
Нэг сайн зүйл нь Абу Дабид бороо жилдээ ганц нэг л ордог гэж дуулддаг бөгөөд ямартай ч уралдаан болох өдөр борооны үүл ч цухуйхгүй.