Г.Эрдэнэ: Иргэдээ тоолж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

Г.Эрдэнэ: Иргэдээ тоолж эхэллээ

НҮБ-аас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж Монгол улс хүн амаа орон сууцных нь хамт тоолж эхэллээ. Энэ талаар аймгийн статистикийн хэлтсийн дарга Г.Эрдэнэтэй ярилцав.

    -Ажил эхэллээ. Бэлтгэл бэлэн үү?

    -Тэглээ, аймгийн хэмжээнд хүн ам, орон сууцаа тоолохоор өнөө өглөө 1041 хүн ажлаа эхэллээ. Бэлтгэл бэлэн.

    -Нэг тоологчид хичнээн хүн ам ноогдож байгаа вэ?

    -Хэдэн хүн амтай газарт тооллогын хичнээн хүн ажиллахыг тооцсон жишиг бий л дээ. Тэр жишгээр бид тооллогын ажилтнуудыг томилсон. Манай аймаг өнгөрсөн оны бүртгэлээр 57,8 мянга гаруй хүн амтай байсан. Өнөөдөр тооллогод ажиллаж байгаа дээр дурдсан хүмүүсийн 610 гаруй нь энэ ажил эхлэхээс өмнө бэлтгэл хангах арга хэмжээг зохион байгуулж байсан бол одоо тооллогыг удирдаж зохицуулж зохион байгуулах ажлыг тодорхой хуваариар хийж байна. Өөрөөр хэлбэл, тэд бол аймаг, сум, багийн түр товчоо, мөн комиссын гишүүд байгаа юм л даа. Тэдний ажиллагаанаас аймгийн тооллогын үр дүн ихээхэн шалтгаална. Түүнчилэн 340 нь айл өрхөөр явж хүн амаа тоолж байна. Тодруулбал, тэд нар тоологчид гэсэн үг. Нэг тоологч дунджаар 35-40 орчим өрх хариуцахаар зохион байгууллаа. Энэ тооцоогоор хөдөөгийн сумдад доод тал нь найм, дээд тал нь 24 тоологч ажиллаж байна. Харин аймгийн төвд 12,0 мянга гаруй хүн аж төрдөг болохоор 50 тоологч томилсон.

    -Буруу зөрүү тоолох, будлиантуулах явдал гаргахгүй биз дээ?

    -Бидний гол зорилтын нэг бол хүн амаа будлиан маргаангүй, үнэн зөв тоолохыг эрхэмлэж байгаа. Ингэж ч ажиллана. Үүний тулд тоологч нарыг бүхий л арга зөвлөмжөөр хангасан. Тэд ч өөрсдөө хүн ам, орон сууц тоолохтой холбоотой заавар журам, аргачилалтай нягт сайн танилцаж, эргэлзэхээр зарим зүйлийг асууж лавлаж авсан.

    -Буруудаж будилж болзошгүй ямар зүйлийг урьдчилан анхааруулсан бэ?

    -Хүн орхих, давхардуулахгүй байхыг сайн анхааруулсан. Энэ удаагийн  тооллогын гол зорилго бол хүнийг байгаа газар нь тоолох явдал. Өөрөөр хэлбэл, тухайн тоологч хэн нэг хүнийг өөрийнхөө хуваарьт хэсэгт аж төрдөггүй хүн байна гээд үлдээж болохгүй. Мөн тооллогын асуулгануудыг үнэн зөв хариултаар гаргахын анхааруулсан. Тухайлбал ”Таны хөдөлмөр эрхлэхгүй байгаа шалтгаан юу вэ? гэсэн асуулгад хариулах бүлэглэлийн дотор  гэрийн ажилтай гэсэн ангилалд хэнийг хамруулах, мөн тохирох ажил олдохгүй байгаа болон ажил хайж байгаа гэсэн хоёр ангил ямар ялгаатай вэ гэдгийг сайн мэдэж аваарай гэдгийг хэлж өгсөн.

    -Гэхдээ зарим газар бага ч гэсэн дутуу, дулимаг зүйл гарч мэдэх л юм даа?

    -Тийм ээ, аймаг, сум, багийн түр товчоо, комиссынхон ажлын явцад байнга хяналт тавина. Түүнээс гадна 88 хүн  албан ёсоор шалгагчаар ажиллаж байна.

    -Ингэхэд тооллогын бэлтгэл ажлаар юу  юу хийсэн вэ?

    -Олон доо. Заримаас нь хэлэхэд тооллогын бүх шатанд ажиллах хүмүүсээ сонгож нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудаар томилуулсан. Сургалтуудыг нэгдсэн болон төрөлжүүлсэн байдлаар хийлээ. Тухайлбал, тооллогын ажилтан бэлтгэх сургалт гурван чиглэлд зохион байгуулж 780 орчим хүн хамруулсан. Булган, Гурванбулаг, Хутаг-Өндөр, Хангал сум сайн хийсэн байлаа. Төвийн сургалтад хамруулж дөрвөн сургагч багш бэлтгэж ажиллууллаа. Тооллоготой холбоотой бүх материалыг CD хэлбэрээр орон нутагт хүргүүлсэн. Тийм болохоор лавлаж тодруулах хэрэг гарвал компьютерээ нээхэд л болно гэсэн үг. “Хүмүүнд төр эрхэм, Төрд хүмүүн эрдэнэ“ гэсэн уриан доор энэ ажлыг зохион байгуулж байна. Хүн ардаа эрдэнэ хэмээн дээдэлсэн энэ уриа бүхий сурталчилгааны том, жижиг самбаруудыг төв хөдөөд олон нийтийн хөл хөдөлгөөн бүхий газруудад байршуулсан. Мөн таван мянга гаруй зурагт хуудсаар сурталчиллаа. Тооллогод хэрхэн бэлтгэж байгаа, иргэд тоолуулахад юуг анхаарч яаж оролцох талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд сурталчилж ойлгуулсан. Бэлтгэл ажлын явцтай газар дээр нь үе үе танилцаж зөвлөж тусалсан маань зохих үр дүн өгсөн гэж үзэж байна. Бүх суманд саяхан тооллогын өмнөх урьдчилсан бүртгэл хийсэн. Энэ бүртгэлд 15560 өрхийн 51073 хүн хамруулсан. Манай аймаг 74 багтай. Баг бүрийн газрын зураг хийлгэж айл өрхийн байршлыг нарийвчлан тэмдэглэчихсэн байгаа.

     -Хэн нэг тоологчийн бие муудаж, яаж мэдэхэв, золгүй тохиолдол гарвал орлон ажиллах хүн байгаа юу?

    -Ажил, амьдралд болзошгүй тохиолдол учрах явдал алийг тэр гэхэв. Улс орон даяар нэгдсэн нэг цаг хугацаанд хийж байгаа энэ ажилд сааталт тасралт, тэр ч байтугай алгуурал назгайралт гаргаж болохгүй. Таны лавлаж байгаа тийм тохиолдолд нөөц тоологч нар бэлэн байгаа. Мөн баг, сумын тооллогын түр товчоо, комиссынхон хэн нь ч хэндээ тусалж, бас орлон ажиллах боломжтой гэж үзэж болно. Хөдөөгийн малчид маань яг энэ өдөр хаана нутаглаж байгааг газрын зурагтаа тусгасан. Тэр ч байтугай явах замын маршрут буюу чиглэлээ товлож авцгаасан.. Цаг агаарын гэнэтийн цочир өөрчлөлт тохиолдсон ч яаж саатахгүй ажиллах вэ гэдгийг бодолцож байгаа. Ер нь унаа машин гаргаж өгсөн. Бинзен шатахуунаар хангалаа. Ажил саатахгүй гэдэгт итгэлтэй байна

    -Иргэн бүртэй заавал  биечлэн уулзаж тоолох уу?

    -Тэгэлгүй яахав, улс орондоо байгаа хүн бүртэй уулзана. Өөрийнх нь болон гэр орон байрных нь талаар олон мэдээллийг харилцан ярилцаж бүрдүүлнэ. Ер нь олон төрлийн мэдээллийг авна шүү дээ. Тийм ч учраас нэг тоологч өдөрт зургаан өрхийн хүн амыг тоолж дуусгасан байхаар тооцсон.

    -За, бас нэг зүйл нэмж тодруулахад, хөдөөгийн алслагдсан малчныд очиход хэн нэг нь байхгүй байх тохиолдол бий?

    -Сум, багийн тооллогыг зохион байгуулж байгаа хүмүүс тоологч нарын айл өрхөд очих дараалал, хуваарь, өөрөөр хэлбэл, өдөр, цагийн баримжааг тогтоож өгсөн. Айл өрхүүддээ ч урьдчилан мэдээлнэ. Тийм болохоор энэ талаар саатал гарахгүй, иргэд орон гэртээ байна гэж үзэж болно. Гэхдээ малын эрэлд гараад арай ирээгүй, алс ажилтай хүн унаа машины эвдрэл, бинзен шатахууны тасалдал зэргээс түр байхгүй байвал тухайн үед холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулна. Нөгөө талаар иргэн хүн энэ тооллогод өөрөө заавал хамрагдах үүрэгтэй. Энэ дагуугаа товлосон хугацаанд орон гэртээ байхыг эрхэмлэж байгаа гэдэгт итгэж байна.

    -Тооллогын өдрүүдэд энэ ажил орон нутагт ямар төвшинд яваа талаар аймаг яаж мэдээлэл авч байх вэ?

    -Энэ бол тооллогыг удирдан зохицуулах гол асуудлын нэг. Тийм учраас хэд хэдэн арга хэмжээг товлож бэлтгэсэн. Аймгийн тооллогын комиссын гишүүдэд сумдыг хариуцуулсан. Энэ хуваарийн дагуу тэд хөдөө ажиллаж эхэллээ. Хариуцсан сумандаа тооллогыг үнэн зөв, сааталгүй зохион байгуулахад нь заавар зөвлөмж, удирдлага, зохицуулалтаар хангаж аймгийн түр товчоо, комисстой байнга харьцаж ажиллана. Аймаг, сумын комисс жижүүр ажиллуулж байна. Тэд мэдээлэл хүлээн авна. Шаардлагатай зүйлийг холбогдох хүмүүст танилцуулж шийдвэрлүүлнэ. Удирдлагаас өгсөн үүрэг чиглэл, авах арга хэмжээг дамжуулна. Түүнчилэн аймгийн комиссоос Үндэсний статистикийн хороо болон аймгийн Засаг даргад  ажлын явцыг танилцуулж байна.

    -Арван жилд нэг удаа явуулдаг энэ ажлыг тус аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулах бүрэн боломжтой юм байна. Баяр хүргэе.

-Тийм ээ, энэ бол олон улсын байгууллагын өмнө монголчууд бидний хүлээсэн хариуцлагатай ажил мөн. Манай Засгийн газар онцлон анхаарч аймаг, орон нутгийн биднийг удирдлага, зохицуулалтаар хангалаа. Тэр дагуу аймгийн хэмжээнд хүн ам, орон сууцны тооллогыг амжилттай зохион байгуулсан дүнтэй ажиллах болно. “Хүмүүнд төр эрхэм. Төрд хүмүүн эрдэнэ“. Энэ эрдэнээ бид үнэн зөв тоолцгоож байна.
    

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж