
Чухам яагаад энэ 20 улс дэлхийн эдийн засгийн зангилаа асуудал болон бусад тулгуур асуудлыг шийдэх учиртай юм бэ гэдэгт хариулт болгож дараахь мэдээллийг хүргэх нь зөв байх. Их 20-ийн уулзалтад оролцох мандат бүхий улс орнууд нь манай гарагийн хүн амын гуравны хоёрыг “тэжээж” байгаагийн дээр дэлхийн хэмжээн дэх ҮНБ-ний өсөлтийн 90 хувийг “хариуцаж” байгаа юм. Мөн эдгээр орон нь дэлхийн нийт худалдааны 80 хувийг хянаж байгаа хүчирхэг сүлжээ болж нэгэнт чаджээ. Чухам ийм учраас Их 20-ийн уулзалтын үеэр бүгдэд хамаатай эдийн засгийн нийтлэг олон асуудлыг шийдэх учиртай гэж найдан хүлээдэг уламжлал 1999 оноос хойш тогтсон хэрэг.
Их 20-ийн уулзалтын мандат бүхий орнууд:
Америк тивээс: Аргентин , АНУ, Бразил, Канад, Мексик,
Европоос: ОХУ, Франц, ХБНГУ, Турк, Их британи, Итали
Азиас: Энэтхэг,Индонези, Япон, Хятад, ,Саудын Араб, БНСУ,
Африкаас: ӨАБНУ болон Австрали, мөн Европын холбоо болон Европын төв
банкны төлөөлөл бие даасан субьект болж оролцдог байна
Уулзалтын өмнөх цаг агаар
Гэвч өнөөгийн амар биш энэ цаг дор Их 20-ийн уулзалтын нэр нөлөө болон ач холбогдол багагүй шүүмжлэлд өртөж байгаа билээ. Ялангуяа Сөүлд болох ээлжит уулзалтын өмнөхөн эхэлсэн “ханшийн дайн” ийм уулзалтыг цаашид зохион байгуулах шаардлага байгаа эсэх талаар маргаан дэгдээж байна. Улс орнууд өөр өөрийн валютийн ханшийг албадлагаар барьж байх бодлого явуулж эхэлсэн бөгөөд дэлхийн эдийн засгийн үндсэн тоглогчид үнэндээ бол ямар ч нэгдсэн бодлого шийдвэрт захирагдахаа байсныг олон жишээ харуулж байгаа тул ингэж асуухаас ч өөр аргагүй юм.
Хятадууд юанийн ханшаа хэт доогуур барьж байна гэсэн удаа дараагийн шүүмж өрнүүлснийхээ дараа АНУ-ын Төв банк зах зээлдээ 600 тэрбум ам.долларыг “цутгасан” нь ханшийн дайныг эцэс төгсгөлгүй болголоо гэж ярьцгааж байна. Энэ нь еврогийн ханшийг улам чангаруулж улмаар Европын холбооноос экспортод гаргах барааг өрсөлдөх чадваргүй буюу хэт үнэтэй болгоно гэсэн айдас европчуудыг “базаж” авчээ. Тиймээс АНУ-ын энэ бодлогыг Европын төлөөллийн тэргүүн болж байгаа Люксембургийн ерөнхий сайд дүгнэж хэлэхдээ дэлхийн бусад улсуудад эрсдэл болон тогтворгүйтэл учруулсан алхам болсон гэж хэлэв. Тэгээд ч зогссонгүй АНУ Хятадыг ханшаа унагах бодлого баримталсан гэж хатуу шүүмжилж байснаа өөрсдөө ч ялгаагүй бодлого хэрэгжүүлж байна гэжээ. Мөн олонхи шинжээчдийн үзэж байгаагаар бол ам.долларын ханш бууралттай байх нь хөгжиж буй орнуудыг хамгийн их нэрвэж болзошгүй байгаа гэнэ. Ханш нь суларсан ам.долларын нөлөөгөөр хөгжиж буй орнууд руу хөрөнгө оруулалт нэрээр ихээхэн хэмжээний валютын урсгал орох боловч эцсийн дүндээ эдийн засагт нь маш хөнөөлтэй инфляци болон улмаар санхүүгийн “хөөс”-ийг үүсгэхэд хүргэх эрсдэлтэй болжээ. Иймд Их 20-ийн уулзалтаар аль ч улс орны хувьд эдийн засгийн аюулгүй байдлыг нь хангахуйц валютын бодлого боловсруулахыг шаардана гэдгээ энэ уулзалтад оролцож байгаа Бразилийн шинэ ерөнхийлөгч хатагтай Лула ди Сильва амлаж байна.
Харин АНУ-ын ерөнхийлөгч болоод санхүүгийн тэргүүлэгч нар ийм дайралтад сэтгэл зүйн бэлтгэл сайн хийсэн бололтой төдий л барьц алдалгүй бэлэн зэлэн хариулт өгч байсан юм. Ерөнхийлөгч Обама их хэмжээний бэлэн мөнгө нийлүүлэх болсноо хамгаалж уржигдар Энэтхэгт үг хэлэхдээ “ Бүгд л бусдын тухай санаа зовоод байх юм. Гэтэл АНУ-ын эдийн засагт л өсөлт гарвал бусдых нь мөн адил өсдөг шүү дээ….Бид бүхэн нэг л аюулыг их болгоомжилж харах ёстой юм. Хэрэв АНУ-ын эдийн засагт өсөлт гарахгүй, эсвэл мэдэгдэхүйц өсөхгүй л юм бол дэлхийн эдийн засагт учирч болох хамгийн муу зүйл болно” гэжээ. Түүний энэхүү сүрдүүлэг ч гэмээр үгийн хариуд бусад томоохон гүрнүүд ямар үг бэлдэж Сөүлд ирэх нь бараг тодорхой байгаа бөгөөд зарим нь ч заавал Их 20-ийн уулзалтыг хүлээх гэлгүйгээр санаагаа илэрхийлж эхэлжээ. Оросын ерөнхийлөгч Медведев “Ийм асуудлыг (АНУ-ын Төв банкны мөнгө нийлүүлсэн шийдвэр) дэлхийн эдийн засагт оролцогч нартай зөвшилцөхгүйгээр шийдэж байх ёстой” гэж хатуу сануулсан байна. Тэгвэл Хятадын сангийн сайд энэ талаар хэлэхлдээ дээрхи шийдвэр нь “АНУ-ын доллар хамгийн том валютын нөөц болж байгаагийн хувьд” “ дэлхий нийтийн зах зээл дээр АНУ-ын хүлээх ёстой үүрэгтэй нийцэхгүй байна” гэж томьёолсон ажээ. Энэ бүх мэтгэлцээнийг харахад Сөүлийн уулзалт халуухан маргааны талбар болж мэдэхээр байгаа юм.
Өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж үзсэн Дэлхийн банкны ерөнхийлөгч Роберт Зейлик “Юун хамтарч ажиллах…? Юуны тулд тэгэх болж байна” гэсэн нь үндсэндээ Их 20-ын уулзалт өнөөгийн нөхцөлд үндсэн үүргээ алдаж байгааг илэрхийлсэн дохио болж байгаа аж. Харин уулзалтыг зохион байгуулагч БНСУ-ын хувьд Их 20-ийн уулзалтаас нааштай үр дүн гарна гэж итгэж байгаа юм байна. Тус улсын мэдээллийн гол агентлагийн нэгэн болох Ёнап-ийн мэдээлснээр бол Их 20-ийн уулзатаар валютийн болон эдийн засгийн бусад тулгамдсан асуудлыг хүндрэлгүй шийдэх гарц олох боломжууд нээгдэнэ гэж зохион байгуулагчид таамаглаж байгаа юм байна. Тэд ямар аргаар валютын дайнд цөс нь хөөрчихсөн яваа их гүрнүүдийг хоорондоо эвээ ололцоход нь туслах гэж байгааг таах аргагүй ч ийм хэмжээний уулзалтыг зохион байгуулах хэмжээнд хүрсэн амжилтыг нь бодоход бас ч басаж болмооргүй.
Дөчин жилийн тэртээ нэрвэгдэж байсан дайны нурман доороос босож дэлхийд эдийн засгаараа эхний 13-т орсон Азийн энэ орон өнгөрсөн жил Арабын Эмират улсад барих дөрвөн атомын цахилгаан станцын төслийг францчуудаас булаан авч байсныг нь бодоход тэдэнд ямар нэг ид шид байж ч магадгүй л юм.