
-Ханиад томууны улирал эхэллээ. Танай тасагт эмчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдэж байна уу?
– Сүүлийн үед ачаалал ихэсч байна. Ирж хэвтэж байгаа хүүхдүүдийн ихэнх нь хоёр сартайгаас 5 хүртэлх насны хүүхдүүд. Энэ насны хүүхэд нь биеийн онцлогоос шалтгаалаад агаарын бохирдол, хуурайшилтад амьсгалын замын өвчнөөр илүүтэй өвддөгтэй холбоотой. Ер нь амьсгалын замаар халдвар авч эмнэлэгт хандах хүүхдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Жишээлбэл, манай амбулаторид 2004 онд үзүүлж байсан хүүхдийн тоо 60 мянга орчим байсан бол 2009 онд 136 мянга гаруй болсон. Төрөлт нэмэгдэхийн хэрээр хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ муу, эмч мэргэжилтэнүүд нь цөөрөөд байна.
-Уушгины хатгалгаагаар эндэх тохиолдол өндөр байдаг уу?
-Аймаг, дүүргийн эмнэлгүүдээс манайд хүүхдүүд ирдэг. Гэхдээ тухайн эмнэлгүүд өөрсдийн хэр хэмжээгээрээ л ажиллаж байгаа. Учир нь тэнд ерөнхий эмч нар нь ажилладаг. Тэдэнд багаж тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу, ачаалал ихтэй. Манай улсын хувьд 1990-ээд оноос өмнө уушигний хатгалгаагаар эндэх тохиолдол маш их байсан. 1990 оноос хойш хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэнээр хүүхдийн эндэгдлийг бууруулсан. Гэхдээ уушгиний хатгалгаа хүүхдийн өвчлөлийн шалтгааны эхний тавд, нас баралтын эхний гуравт байсаар байна. Сүүлийн үед нярайн эмгэг хатгаатай хавсарч эндэх тохиолдол нэмэгдэх хандлагатай болсон.
-Танай тасагт хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүд ихэвчлэн ямар оноштой байдаг вэ?
– Манай тасагт жилд 2200 орчим хүүхэд хэвтэж эмчлүүлдэг үүнээс 1800 орчим амьсгалын замын өвчлөл буюу уушигний гуурсан эдийн агшилт, хатгалгаа, цагаан мөгөөрсөн хоолойн эмгэг, уушгины хавдар зэрэг бусад төрлийн эмгэгийн улмаас хэвтэж эмчлүүлдэг. Түүнчлэн эмийн зохисгүй хэрэглээ, агаарын бохирдолоос үүдэн хэвтэж байгаа хүүхдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Сүүлийн үед агаарын бохирдол, эмийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй харшлын гаралтай ханиад илүүтэй зонхилох болсон.
-Эмийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй ханиад гэдийг тодруулаач?
-Бага насны хүүхэд, ялангуяа 3-5 насны хүүхэд нь харшлын гаралтай шуухинасан байдалтай, уушгиний завсарын эдийн эмгэг хатгалгаатай ирж байна. Энэ нь гэртээ дур мэдэн эсвэл өрхийн эмчийн бичиж өгсөн антибиотекийг ууснаас болдог. Эцэг эхээс нь хүүхэддээ ямар эм уулгасныг асуухад ханиалга дардаг, цэр ховхолдог эмийг хэрэглэсэн. Худалдан авсан эм нь сайн үйлчлэхгүй бол ам дамжсан яриагаар эсвэл эмийн санчийн зөвлөснөөр дуртай эмээ хүүхэддээ хэрэглүүлдэг. Эмийг зөв зохистой, эмчийн заавраар хэрэглэнэ гэдгийг манайхан мэддэггүй. Нэг айлд ороход ханиадны эм гурваас доошгүй байдаг. Жишээлбэл, урторпин, антигрип гэх мэт. Гэтэл энэ эмийг ДЭМБ-аас хортой эмийн жагсаалтад оруулсан. Учир нь найрлагандаа демидрол агуулсан байдаг. Эдгээр эмүүдийг эмийн сангийнхан орлогоо бодолгүй худалдаалахгүй байх үүрэгтэй. Эмнэлэгт хагалгаа болон шинжилгээний өмнө хэрэглэдэг зарим эмийг шууд аптекаас авч хэрэглэсэн тохиолдог байдаг. Тиймээс эмийн зөв зохистой хэрэглээг тооцох хэрэгтэй.
-Хүмүүс сэрүүний улиралд хүүхдийнхээ ханиадыг хурдхан эмчлэх гэж хичээдэг. Энэ нь чирэгдэл багатай, хурдан үйлчилдэг эмийг сонгоход нөлөөлдөг болов уу?
-Ханиад томууны улирал арваннэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг. Манайх шиг хүйтэн сэрүүнйи улиралтай улсад хүүхэд жилдээ 3-5 удаа ханиад хүрэх нь хэвийн үзэгдэл. Хүүхэд гүйгээд ханиалгахад л ханиад хүрлээ гээд эм уулгаж эхэлдэг нь буруу. Суурь эмгэгтэй л биш бол өвдлөө гэхэд эмчилгээ авах нь их хурдан байдаг. Гэтэл дур мэдэн аптекаас аль үйлчилгээ сайтай, хурдан ханиалга дарна гэсэн эмийг авч хэрэглэж байна. Хамгийн гол нь уг ханиадны үүсгэгч вирусыг зөв оношлох, дархлаажуулах, хамгаалах хэрэгтэй. Хүүхэд ханиад хүрээд халуурдаг, гэтэл дур мэдэн парацетамол хэрэглэх нь бий. Энэ эм нь хүүхдэд цусархаг шинж илрэх, элгийг нь гэмтээж эндэх тохиолдол ч гардаг тул хүүхдээ бодох хэрэгтэй.
-Өнгөрсөн жил томуугийн H1N1-ийн вирусийн халдвар дэгдэж 30 гаруй хүн амь насаа алдсан. Хүүхдүүдийн хувьд өвчилж, амиа алдах эрсдэл хэр байдаг вэ?
-Томуугийн H1N1 тэй ижил төстэй ханиадны вирус жил бүр л дэгдэж байдаг. Гэхдээ H1N1-ийн хувьд илүү хоруу чанартай, уушгийг хурдан гэмтээж, хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, амь насанд хүрсэн нь үнэн. Нас баралтын хувьд манай орны хүн амын тоотой харьцуулахад харьцангүй өндөр байсан. Тиймээс вирусын гаралтай томуугаар олон тооны хүн өвчилж, амь насаа алддаг гэдгийг хүн бүхэн мэдэж хатгалгаа ямар хүнд өвчин болохыг харуулсан. Энэ жил ч ийм төрлийн вирус хэлбэр дүрсээ өөрчлөөд дахин дэгдэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ ханиад хатгаа, амьсгалын замын цочмог халдвараар жилийн жилд 30 гаруй хүүхэд эндэж байдгийг хүн бүхэн анхаараасай гэж бодож байна. Тиймээс энэ сарын 12-ны баасан гаригт “Уушгиний хатгалгаатай тэмцэх дэлхийн өдөр”-ийг Монголд анх удаагаа тэмдэглэхээр болсон. Энэ өдөр Дэлхийн 37 орны 167 олон нийтийн байгууллага хамтран уушгиний хатгалгааг таслан зогсоохоор дуу хоолойгоо нэгтгэж, ард түмэн, төр засагт хандсан ажлыг хийдэг. Бид ч мөн адил энэ өдөр хүүхдүүд уушгиний хатгалгаагаар эндэж байгаа асуудалд олон нийтийн анхааралыг хандуулах болно.