Ж.Бямбадоржийг Хүний эрхийн үндэсний комиссын даргад зүтгүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.11-нд нийтлэгдсэн

Ж.Бямбадоржийг Хүний эрхийн үндэсний комиссын даргад зүтгүүллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай, Хүний эрхийн үндэсний комиссын даргыг томилох тухай зэрэг асуудлыг авч хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Б.Цэрэнбалтав өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнгөрсөн аравдугаар сард гаргасны дагуу чөлөөлж, Ерөнхийлөгч  бүрэн эрхийнхээ хүрээнд оронд нь Ц.Бямбацогтыг томилуулах саналаа УИХ-д өргөн мэдүүлээд байсан юм. Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшээд буй Ц.Бямбацогтын хувьд хууль зүйч мэргэжилтэй, одоо Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч даргын алба хашиж байна. Увс аймгийн харьяат түүний хувьд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны босгыг давчихад л Улсын ерөнхий прокурорын орлогч даргын суудалд суух юм.
Мөн өдрийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь чухал асуудал нь Хүний эрхийн үндэсний комиссын даргыг томилох тухай байлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэхүү албанд өмнө нь нутаг нэгт МАСЭХ-ны ерөнхийлөгч Д.Алтайг нэр дэвшүүлсэн ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, завсарлага авсан байсан тул хоёр дахь хөзрөө дэлгэж, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадоржийг зүтгүүлсэн нь амжилт олов.  Гэхдээ Хүний эрхийн үндэсний комиссын даргыг томилохдоо гишүүд дотроос нь сонгодог аж. Хэрвээ Ж.Бямбадоржийг шууд тус комиссын даргаар томилбол хууль зөрчсөн үйлдэл болж хувирах учраас “Ж.Бямбадоржийг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр томилох нь зүйтэй” гэсэн томъёоллоор санал хураалгаж, олонхийн дэмжлэг авахуулж чадсан юм. Энэ асуудлыг ирэх өдрүүдэд хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулаад улмаар даргаар нь томилуулах угсраа томилгоог үргэлжлүүлэх болж байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцсэн гурав дахь асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг болов. Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 2010 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн 30 хувиар нэмэх шийдвэр гарсантай холбогдож, төрийн өндөр албан тушаалтнуудын цалин ч мөн хувиар өсч буй юм. Энэ асуудлыг өнгөрсөн сард УИХ-аар хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь баталсан байсан билээ. Харин Ерөнхийлөгч энэхүү төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмэх тухай УИХ-ын тогтоолын төсөлд бүрэн эрхийнхээ хүрээнд хэсэгчилсэн хориг тавиад буй. Хориг тавьсан үндэслэлээ Ерөнхийлөгчийн зүгээс “Их , дээд сургуульд суралцаж байгаа оюутны сургалтын тэтгэлэг, тэтгэмжийг УИХ-аар шийдээгүй үед Ерөнхийлөгчийн цалинг нэмсэн нь хориг тавих үндсэн шалтгаан болсон гэж байгаа юм. Гэвч энэхүү хоригийг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Хүлээн авах боломжгүй” гэж үзлээ. Өмнө нь энэ асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэхэд гишүүдийн 100 хувийн саналаар “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй” гэсэн шийдвэрийг гаргасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох тухай хуулийн төсөлд тусгаснаар магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 120 мянган оюутныг хамруулахаар тусгаад буй. Сард нэг оюутанд 54 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин багасгасантай тэнцэх  мөнгө ч гэлээ оюутнуудад тодорхой хэмжээний дэмжлэг болно хэмээн үзэж буй билээ. Тэтгэлэгт 120 мянган оюутан хамруулахад улсын төсөвт 115 тэрбум төгрөг суулгах шаардлагатай болж байгаа юм. Гэвч хоёр ч байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гаргаад байгаа нь асуудал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирэхэд дэмжлэг авах горьдлоггүй болгож буй билээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж