Туркийн сайд Ерөнхийлөгчид бараалхав

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Туркийн сайд Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж манай оронд айлчилж байгаа Туркийн Батлан хамгаалахын сайд Вежди Гөнүлийг өнөөдөр хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярианыхаа эхэнд энэ онд Истанбулд болсон Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөлгөөний дээд хэмжээний уулзалтын үеэр Туркийн Ерөнхийлөгчтэй уулзаж хоёр орны харилцааны асуудлаар санал солилцсоноо дурдав. Мөн саяхан БНТУ-ын Төрийн сайд бөгөөд шадар сайд эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны хуралдаанд оролцсоны дараахан ийнхүү Батлан хамгаалахын сайд айлчилж буй нь хоёр улсын харилцаа сайн байгаагийн илрэл хэмээн Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Туркийн түүхэнд зэвсэгт хүчин чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Монголчууд ч цэргийн алба хаахыг нэр төрийн хэрэг гэж үздэг. Халуун цэгт энхийг сахиулах чиглэлээр хоёр орны зэвсэгт хүчин хамтран ажиллаж буйд баяртай байна гэж Ерөнхийлөгч ярив. Туркийн сайд Вежди Гөнүл хүүхэд ахуйгаасаа мөрөөдсөн өвөг дээдсийнхээ нутаг, өнө эртний уламжлалт харилцаат Монгол Улсад анх айлчилж буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Бид бүгдийн зорилго бол энх тайван, тиймээс дэлхийн халуун цэгийн нэг Афганистанд хоёр орны цэрэг эрс энхийн үүрэг гүйцэтгэж байна. НҮБ, НАТО-гийн гишүүн орны хувьд Турк улс бүс нутгийн төдийгүй дэлхийн халуун цэгүүдэд үүргээ гүйцэтгэж байгаа” хэмээн ярилаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж