
Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайд С.Батболд ажлын хэсгийнхний мэдээллийг нээлттэй сонсож байна. Ажлын хэсгийнхний боловсруулсан хөтөлбөрт яамд хоорондын уялдаа холбоог сайжруулах, яам бүр ажлын байр бий болгох чиглэлээр ажиллахыг нэгбүрчлэн тусгажээ. Харин Тэргүүн шадар сайд энэхүү хөтөлбөрийг улам ойлгомжтой болгохыг хүсэв. Учир нь ажилгүй байгаа иргэдийг хоёр хуваан үэх ёстой болж буй. Нэг хэсэг нь мэргэжил эзэмшээд дор хаяж 500 мянган төгрөгийн цалинтай ажилд орохыг хүсдэг. Нөгөө хэсэг нь урт хугацааны хөнгөлөлттэй зээл авч, хувиараа бизнес эрхлэх сонирхолтой. Гэвч хувиараа бизнес эрхлэх сонирхолтой иргэдэд нөгөөх зээл нь олддоггүй. Хаана, хэнд хандаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа хөнгөлөлттэй зээлд хамрагдах вэ гэдгээ мэддэггүй, энэ талын мэдээлэл хомс. Тэгтэл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үлдэгдэлд одоо 20 тэрбум төгрөг эзнээ хүлээн хэвтэж байх жишээний. Зөвхөн нийслэлийн Сонгинохайрхан дүргийн Хөдөлмөр халамжийн газар очиход манай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 330 сая төгрөг байна, авах хүн олддоггүй гээд сууж байдаг. Тухайн дүүргийн иргэдтэй уулзахаар “Жижиг, дунд үйлдвэрийн зээл авчих санаатай зөндөө хөөцөлдлөө. Олддоггүй юм байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл гэж байдгийг мэддэггүй” гээд сууж байдаг. Энэ нь цаанаа ажлын уялдаа холбоо байхгүйг харуулж буй тул эдгээр ажлыг хариуцаж байгаа хэсэг мэдээллээ олон нийтэд хүргэх тал дээр ажиллах шаардлагатайг харуулж байна” гэсэн юм. Ерөнхий сайд ч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг ойлгомжтой, тодорхой болгохыг ажлын хэсгийнхэнд үүрэг болгов.
Дээрх арга хэмжээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Түлш эрчим хүчний сайд Д.Зоригт, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, болон яам, агентлагийн газрын дарга нар оролцож байна.
Г.Дарь