
Баянхутаг сумын малчин Баасангунгаагийн суурийн таван тэмээний цус, шүлсний дээжийг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторт бие хүнээр хүргүүллээ.
Дадал, Норовлин сумдын тарилгын ажлын талаар сумын Засаг дарга нартай холбоо барьж, тус бүрт 2-3 ажлын хэсэг нэмж томилохоор шийдвэрлэв. Мөн бусад сумдын Засаг дарга нартай утсаар холбогдож тарилгын ажлыг богино хугацаанд чанартай зохион байгуулах, тарилгын ажлын хэсгийн тоог нэмэгдүүлэх, шүлхий өвчний талаар ард иргэдийн дунд ухуулга сурталчилгааг байнга явуулах, цагаан зээрэнд тандалт хийх зэрэг ажлуудыг орон нутагтаа зохион байгуулах талаар зөвлөлөө. Өнөөдрийн байдлаар тарилгын 28 хэсэгт малын эмч-32, мал баригч-60, жолооч-28 нийт 112 хүн ажиллаж байна.
ОБЕГ-ын Аврах тусгай ангиас ирүүлсэн ариутгалын автомашиныг Дархан, Баямөнх сум руу гаргалаа. Мөн Дэлгэрхаан сумын Хөмөлт болон Өндөр довын гүүрүүдийг хааж хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, Баянмөнх сумын Богинын энгэрт шинээр нэг пост нэмж гаргав. Өнөөдрийн байдлаар тус сумын Баянбулаг, Дулааны арын голомтонд гурван айлын найман үхэрт урвалж өгсөн тул зааврын дагуу устгаж ариутгал халдваргүйтгэл хийсэн ба Дархан сумын Талын ус гэдэг газарт нутаглаж байгаа малчин Б.Батхүүгийн гурван үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тул мөн устгаж ариутгал халдваргүйтгэл хийгээд байна. Б.Батхүүгийнхээс 2 км-т байгаа Лхагвасүрэнгийн малд тарилга хийх явцад 7 үхэр урвалж өгсөн мэдээ ирсэн тул устгалын хэсэг очиж үзэхээр болжээ. Улсын болон аймгийн онцгой комиссын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Дархан, Баянмөнх сумын постуудад 5 хоногийн хоол хүнс, түлээ, шатахуун олгож, ажиллах нөхцөлийг нь сайжрууллаа.