139.6 сая ам.долларын алдагдалтай гарав

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

139.6 сая ам.долларын алдагдалтай гарав

Манай улс энэ оны эхний нэгдүгээр сард дэлхийн 90 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 556.8 сая ам.доллар болжээ. Үүнээс экспорт 208.6 сая ам.доллар, импорт 348.2 сая ам.долларыг эзэлж байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 261.3 сая ам.доллар буюу 88.4 хувь, үүний дотор импортын хэмжээ 216.2 сая ам.доллараар буюу 2.6 дахин, экспортын хэмжээ 45.1 сая ам.долл буюу 27.6 хувиар тус тус өсчээ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 58.5 хувь нь БНХАУ-д, 16 хувь нь ОХУ-д, үлдсэн 25.5 хувь нь бусад улсад ногдож байсан бол энэ оны нэгдүгээр сард нийт бараа эргэлтийн 51.6 хувь нь БНХАУ, 16.4 хувь нь ОХУ, 32 хувь нь бусад улсуудад ногдож байна. Өмнөх оны мөн үеийнхээс БНХАУ-тай хийсэн бараа эргэлтийн эзлэх хувь 6.9 пунктээр буурч, ОХУ-тай хийсэн бараа эргэлтийн эзлэх хувь 0.4 пункт, бусад улсуудынх 6.5 пунктээр тус тус өсчээ. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны нэгдүгээр сард 31.5 сая ам.долларын ашигтай гарч байсан бол энэ оны нэгдүгээр сард 139.6 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Үүнд импортын өсөлт экспортынхоос 136.2 пунктээр илүү өссөн нь нөлөөлжээ.

Экспортын 97 хувийг түүхий эд эзэлж байна

 Манай улс өнгөрөсөн сард 34 оронд бараа, бүтээгдэхүүн экспортолж, үүнээс БНХАУ 89.9 хувь, ОХУ 2.5 хувь, Их Британи улс 1.8 хувь, Канад улс 1.3 хувь, ХБНГУ 0.9 хувь, Вьетнам улс 0.8 хувь, БНСУ болон Итали улс тус бүр 0.5 хувь эзэлж байгаа нь нийт экспортын дүнд 98.2 хувийг эзэлж байна

Экспортын 97 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, мал, амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүн, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл эзэлж байна.

Экспортод гол нэрийн бараануудын эзлэх хувийн жинг авч үзвэл зэсийн баяжмал 35.9 хувь, нүүрс 19.2 хувь, цайрын хүдэр, баяжмал 10.2 хувь, төмрийн хүдэр 10.1 хувь, боловсруулаагүй нефть 5.7 хувь, жоншны хүдэр, баяжмал 2.8 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 1.3 хувь, самнасан ноолуур 0.3 хувь, бусад бүтээгдэхүүн 14.5 хувийг тус тус эзэлж байна.

 Импорт

Манай улс өнгөрсөн сард нийт 89 оронтой импортын худалдаа хийж, импортын худалдааны 28.7 хувийг БНХАУ-тай, 24.7 хувийг ОХУ-тай, 7.7 хувийг Япон улстай, 7.2 хувийг АНУтай, 5.8 хувийг БНСУ-тай, 5 хувийг Франц улстай, 4.3 хувийг ХБНГУ-тай, 2.4 хувийг ӨАБНУ- тай тус тус хийж, энэ нь нийт импортын 85.8 хувийг эзэлж байна.

Нийт импортын 26.6 хувийг машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн эд анги, сэлбэг, 24.5  хувийгавто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, 19.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, 6.1 хувийг хүнсний бэлэн бүтээгдэхүүн, 5.1 хувийг үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүн, 3.5 хувийг хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, 1.5 хувийг ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үлдсэн 13.2 хувийг бусад бүлгийн бүтээгдэхүүн эзэлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж