Монгол улсаас 2000 оноос эхлэн уг тэмцээнд амжилттай оролцож ирсэн бөгөөд 2010 онд Соёл урлагийн их сургуулийн харъяа Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөгч “Mirai Fashion” группийн дизайнер Жавхлангийн Цэлмэг өөрийн бүтээлээрээ амжилттай оролцсон байна.
Тус тэмцээн нь энэ жил “Ирээдүй рүү чиглэе 2020 Намар/ Өвөл” гэсэн сэдвийн доор болжээ.
“Japan Fashion Design Contest” хэмээх уг уралдаанд Монгол улсаа төлөөлөн чөлөөт уран бүтээлч Ж.Цэлмэг “2020 оны өвлийн загвар” бүтээлээрээ оролцоод ирлээ. Энэхүү олон улсын уралдааныг Сүгино академи, Японы Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Токио хотын захиргаа хамтран жил бүр зохион байгуулдаг аж.
-Энэхүү тэмцээнд 2700 гаруй загваруудаас 50 загварыг шалгаруулан эцсийн шатанд өрсөлдүүлсэн гэсэн шүү дээ. Нэг дизайнер хэчнээн загвараар өрсөлдсөн бэ?
-Нэг дизайнер 1-5 бүтээлээрээ оролцох эрхтэй байсан. Би гурван бүтээлээрээ өрсөлдөөд нэг бүтээл маань тэнцээд оролцоод ирсэн.
-Азийн орнуудын залуу дизайнеруудын дунд болдог тэмцээн юм уу?
-Ерөнхийдөө Азийн орнуудынх л даа. Гэхдээ энэ жил ОХУ-аас залуу дизайнерууд оролцсон байсан.
-Залуу дизайнерууд гэхээр хэд орчим насныхан оролцсон бэ?
-Өөрийн гэсэн брэнд гаргаагүй байгаа бие даасан уран бүтээлчид болон оюутнууд оролцдог тэмцээн л дээ.
-Анх энэ тэмцээний талаар хаанаас мэдэж оролцсон бэ?
-Манай багш Японд суралцдаг байсан. Тэмцээнийг зохион байгуулсан Япон хүн нь манай багшийн багш нь. Тэр хүнээс манай багшаар дамжуулаад мэдээлэл ирээд бид зургаан сард материалаа явуулаад надад тэнцлээ гэдэг хариу есдүгээр сард ирсэн.
-Загвараа ямар хугацаанд хийсэн бэ?
-Нэг сарын хугацаанд хийсэн.
-Чи ямар нэртэй бүтээлээрээ өрсөлдсөн бэ?
-Энэхүү тэмцээнд цаанаасаа сэдэв загвар өгчихдөг. 2020 оны өвөл намрын загвар гэдэг сэдэвтэй байсан. Би 2020 оны өвлийн загвараар өрсөлдсөн. Энэхүү загвартаа үндэсний талаа барин торго, эсгий, чимэглэл, нимгэн даавуутай хольж илүү тансаг байдлаар харуулахыг зорьсон.
-Анх удаа олон улсын хэмжээний томоохон тэмцээнд өрсөлдлөө. Авангард загварын чиг хандлага ямар санагдсан бэ?
-Тэмцээнээс харж байхад бүх загварууд шилдэг, алийг нь яаж ялгах бол доо гэмээр, тэр ч бүү хэл байр эзлүүлнэ гэхэд хэцүүхэн санагдсан. Үнэхээр гайхалтай загварууд байсан. Тэр тусмаа гар ажиллагаа, нарийн зүйлс ихтэй, гүйцэтгэл сайтай санагдсан. Сурах юм их байсан. Энэ тэмцээнд бүтээлээрээ тэнцээд оролцоод ирсэн болохоор тодорхой хэмжээгээр гадныхны хэмжээнд очиж чадсан гэж бодож байгаа.