
Арван жилд нэг удаа хийдэг хүн ам, орон сууцны тооллого энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 00 цагаас эхэлж буйг Ерөнхий сайд зарлаж, нийт хүн амаа түүнд идэвхтэй, эх оронч сэтгэлтэй оролцохыг уриалсан юм. Энэ арваннэгдүгээр сарын 11-17-нд болох тооллогыг “Хүмүүнд төр эрхэм, Төрд хүмүүн эрдэнэ” гэсэн уриан дор явуулахаар болжээ. НҮБ-ын Статистикийн комиссын чуулганаас гаргасан шийдвэрийн дагуу улс орнууд 10 жил тутамд хүн амаа тоолж байхаар болж энэ онд л гэхэд 53 улс орон 2,6 тэрбум хүн амаа тоолсон байна. ОХУ аравдугаар сард хүн амаа тоолсон бол БНХАУ энэ сарын 1-нээс тэрбум гаруй хүн амынхаа тооллогыг эхлүүлжээ. БНСУ, Аргентинд иргэдээ ид тоолж байгаа юм байна. Энэ 2010 онд дэлхийн нийт хүн амын 58 хувийг тоолох ажээ.
Хүн амын тооллогод үндэслэн улс орнууд ирээдүйн бүтээн байгуулалт, хүн ам зүй, газар зүй, шилжих хөдөлгөөн, эдийн засаг, орон сууцны нөхцөлийн талын мэдээлэл цуглуулж, хүн ам зүйнхээ өнөөгийн байдал, цашлын чиг хандлагыг тодорхойлох ажээ. Тооллого нь түүхийн үнэт лавлагаа болж үлдэх ёстойг Ерөнхий сайд онцоллоо. Улсын хэмжээнд тооллогын ажилд 30 гаруй мянган хүн оролцох бөгөөд 16 мянган тоологч, шалгагч, комисс, түр товчооны 14 мянган ажилтан ажиллахад бэлэн болжээ. Гадаадад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч байгаа иргэдээ онлайнаар анх удаа тоолохоор болсон нь энэ удаагийн тооллогын бас нэг онцлог юм байна.
Тооллогын өдрүүдэд архи, согтууруулах ундааг хязгаарлах, шүлхий гарсан аймгуудад иргэдийнхээ тооллогод давхар анхаарах ёстойг Ерөнхий сайд анхаарууллаа. Үүний дараа Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Гадаадад байгаа монголчуудыг тоолоход хараар буюу хууль бусаар ажиллаж байгаа хүмүүсийг яах вэ. Жишээ нь, БНСУ-ын талтай мэдээлэл солилцох уу?
-Үүнд ГХЯ анхаарч, тухайн орнуудад суугаа манай ЭСЯ, консулын газрууд боломж нөөцөө дайчилж ажиллах ёстой. Гадаадад байгаа иргэдийн тооллогыг аравдугаар сарын 10-наас онлайнаар эхлүүлсэн. Энэ сарын 17-нд дуусна. БНСУ дахь ЭСЯ холбогдох хүмүүстэй хамтарч энэ ажлыг зохион байгуулж байна.
-Ингэж тоолоход хараар оршин сууж байгаа хүмүүст эрсдэл учирч болох уу?
-Иргэдтэй холбоотой мэдээллийг тооллогоос өөр зүйлд ашиглахгүй. Иргэн тооллогод хамрагдсаныхаа төлөө өөр аливаа асуудалд өртөх ёсгүй. БНСУ-ын тооллогын комисс гадаад иргэдийг давхар тоолж байгаа. Манай талтай мэдээлэл солилцоно.
-Тоологчид айлуудаар явж тооллого хийнэ Тэднийг яаж таних вэ?
-Албан ёсны тоологч нар тусгай үнэмлэхтэй. Түүн дээр иргэний үнэмлэхнийх нь дугаар бий. Иргэний үнэмлэхтэй нь тулгаж үзэж болно. Үнэмлэх нь ардаа соёмботой. Мөн 121 гэсэн дугаараас тоологчдын талаар мэдээлэл авч болно. Өөр нэг таних зүйл нь тусгай цүнхтэй байгаа. Тоологч нар иргэдэс маягтаар асуулга авна. Тооллогод хамрагдсан иргэн бүрт албан ёсны гэрчилгээ олгоно.
Д.ОЮУН