Солонгосын иргэд Монголд саатуулагджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Солонгосын иргэд Монголд саатуулагджээ

Өмнөд Солонгосын KBS телевизийн хоёр сурвалжлагч Хойд Солонгосын хоёр иргэнтэй Монголд уулзахаар ирж байгаад хил дээр саатуулагдсан талаар эх сурвалж мэдээллээ. Хоёр Солонгос нь хэдий нэг улс үндэстэн ч хоорондын дайн дажнаас одоо ч харилцаа нь сайжраагүй байгааг бид мэднэ. Ар, Өвөрмонголын ах дүү, хамаатан саднууд нэг нэгнээ одоо ч сурагласаар явдаг шиг хоёр солонгосчуудын хувь заяа ийн буруугаар эргэснээс хойш 60-аад жилийн нүүрийг үзжээ. Хойд Солонгосын хоёр иргэн Хятадын нутагт Өмнөдийн хоёр сурвалжлагчтай уулзахаар тохирсон байсан ч үл мэдэгдэх шалтгаанаар товоо өөрчилж Монголыг сонгосон бололтой. Хоёр Солонгосын хувьд Монгол Улс найрсаг харилцаатай тул манай улсыг сонгосон байж магадгүй талаар эх сурвалж хэлсэн юм. Солонгос иргэдийг Замын-Үүдийн хил дээр саатуулсан бөгөөд одоогоор ТЕГ-т шалгаж эхэлсэн ажээ. Солонгосчууд Хятад улсаар дамжин Монголд ирэх нь сүүлийн үед ихэссэн бөгөөд энэ нь тэдний хувьд зардал чирэгдэл багатайд тооцогддог гэнэ.

Бид энэ мэдээллийг тодруулахаар өчигдөр Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч рүү хэдэнтээ утас цохисон боловч энэ талаар эргээд хариу хэлье гэснээс өөр тайлбар өгөөгүй юм. Харин ТЕГ-ын Олон нийттэй харилцах албанаас лавлахад “Дөрвөн солонгос иргэнийг хил зөрчсөн гэдэг үндэслэлээр Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа” гэсэн юм.

Б.ЦЭЛМЭГ.

Зохиогчийн эрх:
“Монголын мэдээ” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж