Хүүхдийн эрхийн асуудлаарх уулзалтад оролцов

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эрхийн асуудлаарх уулзалтад оролцов

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар Бээжин хотноо энэ сарын 4-6-ны өдрүүдэд болсон “Хүүхдийн эрхийн асуудлаарх хамтын ажиллагааны талаар санал солилцох Ази, Номхон далайн бүсийн орнуудын Өндөр хэмжээний уулзалт”-д оролцов. Энэхүү өндөр хэмжээний уулзалтыг БНХАУ-ын Засгийн газраас санаачлан НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд Ази, Номхон далайн 28 орны 150 гаруй төлөөлөгчид оролцож, хүүхдийн эрхийг хамгаалах, Мянганы хөгжлийн зорилтуудыг урагшлуулах болон байгалийн гамшгийн үед хүүхдийг хамгаалах, хил дамнасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар санал солилцсон юм.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар энэхүү өндөр хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулагдсан “Ази, Номхон далайн бүс нутагт хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны гүйцэтгэх үүрэг” сэдэвт 1 дүгээр хуралдааныг даргалсан бөгөөд “Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт” сэдэвт 4 дүгээр хуралдаанд Монгол Улсын Засгийн газраас Мянганы хөгжлийн зорилтуудыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, олсон ололт амжилт, тулгарч байгаа саад, бэрхшээлийн талаар дэлгэрэнгүй үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангахад бүх улс орон хамтран ажиллах шаардлагатай. Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүүхдэд ээлтэй сургуулийн орчин бүрдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулснаар Мянганы хөгжлийн зорилтуудыг ханган биелүүлэхэд дорвитой ахиц гаргаж чадна. Дан ганц эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулж чадахгүй бөгөөд эдийн засгийн өсөлтийн үр ашгийг нийгмийн суурь үйлчилгээ болон хүүхдийн эрхийг хамгаалах үйлсэд түлхүү зарцуулах ёстой” хэмээн онцлон тэмдэглэсэн болно хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж