“Хөөмийгөөр уянгалсан хорвоо-2010” өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

“Хөөмийгөөр уянгалсан хорвоо-2010” өндөрлөлөө

Монгол хөөмийг хөгжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн соёл урлагийн газраас “Хөөмийгөөр уянгалсан хорвоо-2010” уралдааныг анх удаагаа зохион байгууллаа. Энэхүү уралдаанд зөвхөн Улаанбаатар хотод байгаа хөөмийчид оролцсон бөгөөд насанд хүрэгчид болон өсвөр үе гэсэн хоёр ангиллаар явагдсан байна. Уг уралдаан нийслэлийн зургаан дүүргийн ардын авьяастнуудын дунд өрнөсөн юм. Уралдааны шүүгчээр Нийслэлийн соёл урлагийн газрын уран сайхны удирдаач Соёлын тэргүүний ажилтан Д.Мэндсайхан, Соёлын тэргүүний ажилтан “Хөөмийн хөгжил хамгаалал төв”-ийн тэргүүн Т.Ганболд, дэлхийн хөөмийчдийн уралдааны тэргүүн байрны шагналт, УДБЭЧ-ын хөөмийч Ц.Цоггэрэл нар ажиллажээ. Хоёр өдөр үргэлжилсэн уг наадмын өсвөр насны ангилалд СУИС-ийн оюутан Д.Балсан, насанд хүрэгчдийн ангилалд МУИС-ийн оюутан Б.Баяннамсрай нар тэргүүн байрт шалгарсан байна. “Үндэсний ёс заншил, уламжлалт урлагийг хадгалах, хамгаалах, залуу үедээ өвлүүлэх, өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн хөөмийн өв сангаас суралцуулж таниулах нь  энэхүү тэмцээний гол зорилго юм.

Тэмцээнд оролцогчид Тува болон Монгол хөөмийг хөөмийлж байгаа нь манай хөөмийчдийн ур чадвар нэмэгдсэнийг харуулж байна”гэж шүүгчид ярьсан юм. Ташрамд сонирхуулахад хөөмийг ерөнхийд нь хархираа, исгэрээ гэсэн хоёр үндсэн төрөлд хуваадаг бөгөөд хөөмий нь орчин үеийн дуу хөгжмийн бүх л урсгалд тохирдог онцлогтой урлаг юм. 

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж