
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өөрийн гурав хоногийн айлчлалынхаа явцад Дели хотноо Энэтхэгийн ерөнхий сайдтай уулзахдаа Энэтхэгийн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болгохоор амлав.
АНУ-ын удирдагч өнгөрсөн бямба гаригт Энэтхэгт айлчлан ирсэн ба өөрийн айлчлалын гол зорилгоо хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал гэсэн юм.
Сингхтай уулзахдаа, Энэтхэг бол дэлхийн их гүрэн учраас тэдний улс орон “аюулгүй байдал ба цэцэглэлтийнхээ төлөө хамтран ажиллах ёстой” гэж Обама мэдэгджээ. Энэтхэгийн ерөнхий сайд өөрийн бүтээгдэхүүнийг дээдлэх үзэл хоёр орны эдийн засагт сөрөг нөлөөтэй гэдэгтэй Обаматай санал нэг байгааг хэлээд энэтхэг улс “америкчуудаас ажлын байрыг нь хулгайлах” санаатай биш гэж онцолжээ.
Хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэх салбарын дотор сансрын, иргэний, цөмийн ба батлан хамгаалах салбарууд нэрлэгдэв.
Энэ үеэр Пакистантай кашмирийн асуудлаар бүрэн хэмжээний хэлэлцээрийг Пакистан “террорыг экспортлохоо зогсоох” хүртэл эхлүүлэх бодолгүй байгаагаа Обамад ойлгуулахыг Манмохан Сингх хичээж байсан тухай The Times of India сонин бичсэн байв.
Америкийн ерөнхийлөгч Барак Обамагийн Азийн орнууд, тэр дундаа Индонези, Өмнөд Солонгос, Японд хийх айлчлал нь Сөүлд болох “Их 20-ийн” дээд хэмжээний уулзалтын өмнө болж байна. Айлчлал 10 хоногийн хугацаанд ерөнхийлөгч Барака Обама Америкийн экспортын нөхцөлийг сайжруулахаар оролдох юм.
Оросын “Коммерсантъ” сонинд бичсэнээр АНУ ба Энэтхэг хоёр 10 тэрбум ам.долларын 20 гэрээ байгуулаад амжсан байна. Тухайлбал, Обама мэдэгдэхдээ Boeing компани Энэтхэгт ачааны арван нисэх онгоц, General Electric компани зуу гаруй тийрэлтэт хөдөлгүүрийг Энэтхэгт нийлүүлнэ гэлээ.
Энэтхэгийн эдийн засаг дэлхийд 12-т ордог. Гэхдээ хүн амын нэг хүнд ноогдох орлого нь дөнгөж 977 ам.доллар болж байгаа нь энэ улсыг дэлхийд энэ үзүүлэлтээр 128-д оруулдаг. Энэтхэгийн худалдааны гол түншүүд нь АНУ, Европын холбоо ба Хятад юм.
Обама Энэтхэгт хийсэн айлчлалынхаа дараа хүүхэд насаа өнгөрөөсөн Индонезид хүрэлцэн очлоо.